Жүжигчин эмэгтэйг зодсон бизнесмэн ял авчээ

Камбожийн үл хөдлөх хөрөнгийн магнат Сок Бун гэгч гурван жилийн хорих ял авчээ. Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард “Phnom Penh” гэх зоогийн газраар үйлчлүүлж байхдаа залуу жүжигчин Саса гэх эмэгтэйг зодож, хүнд гэмтээсэн байна. Жүжигчин бүсгүй олон хоног ухаангүй байсан билээ.
Уг хэргийн дараа цагдаагийнхан Буныг баривчилж, шоронд хорьсон юм. Буны шүүх хурал өчигдөр боллоо. Шүүхээс түүнийг буруутай хэмээн үзэж, гурван жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
Сасагийн өмгөөлөгч “Үйлчлүүлэгч маань шүүхийн шийдвэртэй санал нэг байгаа. Тэрбээр шүүхийн шийдвэрийг шударга хэмээн мэдэгдсэн. Мэдээж хэрэг Сок Бун шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй, давж заалдах байх” гэсэн байна.
Шүүх хурлын үеэр зоогийн газрын ажилчид жүжигчин эмэгтэйг зодож буй Буны бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан аж. Бичлэгт Бун болон түүний бие хамгаалагчид жүжигчин эмэгтэй рүү буу шагайж, хэл амаар доромжилж байгаа нь бичигджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ