Халдлагын захиалагч нь тодорхойгүй байна

Туркийн нийслэл Анкара хотноо өчигдөр 22.00 цагийн орчимд дараалласан дэлбэрэлт болсон юм. Уг дэлбэрэлтээр 28 хүн амиа алдаж, 61 хүн гэмтжээ. Анкарагийн дэлбэрэлттэй холбогдуулан Ерөнхийлөгч Эрдоган мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “Турк улс ямар ч нөхцөлд өөрийгөө хамгаалах болно. Ямар ч аргаар бид өөрсдийн тусгаар тогтнолоо хамгаалах болно” гэж мэдэгдсэн байна.
“Уг халдлагыг курдууд эсвэл террорист бүлэглэлүүд үйлдсэн хэмээн сэжиглэж байгаа. Гэхдээ ямар ч нотолгоо олдоогүй байна” хэмээн Анкарагийн цагдаагийн газраас мэдээлжээ.
Дэлбэрэлтүүд Туркийн Нисэх хүчний ерөнхий командлагчийн байр, Жанжин штаб, Дотоод хэргийн яам, Парламентын ордон болон Цэргийн дотуур байрны ойролцоо болжээ. Амиа алдагсдын ихэнх нь цэргийн албан хаагчид гэнэ.
Халдлагын дараа Эрдоган Азейрбайжан улсад хийх төрийн айлчлалаа цуцалсан бол Ерөнхий сайд Ахмет Давутоглу мөн Брюссель хотод хийх ажлын айлчлалаа цуцалжээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард Анкара хотноо курдууд жагсаал зохион байгуулах үеэр дэлбэрэлт болж, 100 хүн амиа алдсан билээ. Мөн өнгөрсөн сарын эхээр Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Истанбул хотноо халдлага үйлдсэн юм. Уг халдлагын үеэр Германы 10 иргэн амиа алдсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ