МАН, МАХН-ын хооронд наймаа явагдаж байна

УИХ-ын ээлжит бус чуулган МАН, МАХН-ын гишүүд хуралдаандаа оролцоогүйгээс нээгдээгүй байна. Чуулганы ирц бүрдээгүй тул Эдийн засгийн ил тод байдлын талаар Ерөнхий сайд гишүүдэд мэдээлэл хийжээ. Ирц бүрдээгүй учраас мэдээллийг хаалттай хийсэн байсан. Энэ хугацааг цаашид сунгах шаардлагагүй гэж гишүүд үзжээ.
Чуулганы ирц бүрдэхийг хүлээж АН-ын гишүүд хоёр өдөр, ИЗНН, МҮАН-ын гишүүд өнөөдөржин хуралдааны танхимд хүлээж байгаа юм. УИХ-ын чуулганыг хуралдааны бус горимд шилжүүлж, гишүүдийн саналыг сонсдог дэгтэй аж. Тиймээс чуулган хуралдааны бус горимд шилжилж, гишүүд үг хэлж байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:
-УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс АН-ын бүлгийг гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэх шаардлагыг даваа гаригт тавьсан. Тиймээс АН-ын бүлэг УИХ-ын даргын зөвлөлийн хуралдааны үеэр ээлжит бус чуулганы нээлтийг хойшлуулж өгөх санал тавьсан. Өнөөдөр манай бүлэг гишүүдийнхээ ирцийг бүрдүүлсэн. Гэтэл МАН-ын гишүүд хуралдаандаа оролцохгүй бид өнөөдөртэй нийлээд хоёр өдөр хүлээж байна. МАН, МАХН-ын гишүүд хуралдаандаа оролцохыг уриалж байна.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:
-Миний ширээн дээр Хүүхэд хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Татварын тухай хуулийн төсөл хэлэлцүүлэгт орохоор хүлээгдэж байна. Гэтэл Хүүхдийн төлөө за гэдэг гишүүд нь чуулгандаа суусан. Хүүхдийн төлөө За гэж хэлдэггүй гишүүд нь хуралдаандаа ирэхгүй байна. Явцуу эрх ашгийн төлөө биш ард түмнийхээ төлөө хуралдаандаа оролцооч гэж уриалмаар байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-1990 оны энэ өдөр МоАХ-ны анхны хуралдаан болж, ард түмнийхээ эрх, эрх чөлөөг хамгаалах хурал болсон. Гэтэл 26 жилийн дараа энэ өдөр УИХ-ын ээлжит бус чуулган нээгдэж чадахгүй байгаад харамсаж байна. Өнөөдөр парламентад сууж байгаа 76 гишүүн төрийн эрх барьж байгаа. Гэтэл цөөнхийн гэх гишүүд эрх баригчид гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж, хариуцлагаа хүлээ гэж шаардсан. АН хариуцлага хүлээж гишүүдээ бүрдүүлээд хүлээж байна. Парламентад маргалдах зүйл байдаг. Гэхдээ ард түмний итгэлийг даагаад сонгогдсон хүн бүр эрх барьж байгаа.
УИХ-ын гишүүн М.Зоригт:
-Бид хуулиудыг хэлэлцээд явж байсан. Нэг асуудлыг хэлэлцэхэд МАН-ын бүлэг завсарлага авсан. Хэлсэн үгэндээ хэлдэг байх жудаг алга байна. МАН-ын гишүүд өрөөндөө байгаа ирцтэй гээд байгаа боловч албан өрөөгөөр нь явахаар байхгүй байна. Зарим нь дулаан оронд зугаалаад зургаа авахуулаад явж байна. Гэтэл зарим гишүүд МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад дэмжихгүй бол хуралдаанд оролцохгүй гэж байна. Гэм буруутай нь тогтоогдоод Шадар сайдаар томилж болохгүй хүнийг яагаад МАН-ын бүлгийн дарга дэмжээд байгаад дургүй хүрч байна. МАН-ын гишүүд хуралдаандаа оролцох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:
-МАН, МАХН-ын хооронд наймаа явагдаж байна. Намайг дэмжвэл бас өөрсдийг чинь дэмжинэ гэсэн тохироо явж байгаа. Цаашлаад сонгуульд нэгдэж орохоор ярьж байгаа. Өмнө нь МАН-ынхан МАХН-ын гишүүдийгээ үзэж чаддаггүй л байсан шүү дээ. Үүнд нь дургүй хүрч байна. Энэ бол тангарагаасаа няцаж байгаа зөрчил.
Ийнхүү гишүүд үг хэлж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ