Н.Энхбаяр төрөөс зайлах учиртай

УИХ-ын чуулган хуралдааны бус семинарын горимд шилжлээ. Гишүүд ирц бүрдэхгүй байгаатай холбоотой үг хэлж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-АН-тай эвсэж, Засгийн газарт хамтарсан МАХН-ын даргынхан ирц бүрдүүлэхгүй гацааж байна. Монголын төрийн хаалгаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүн орж ирж болохгүй. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нөхөр зайлах хэрэгтэй. Монгол төрөөр тоглодог байсан нөхөр, сайд болгохын тулд 200 сая төгрөгийн авлига авдаг байсан нөхөр Монгол төрөөс зайлах учиртай. Та Ерөнхийлөгч байсан юм уу, таны эхнэр байсан юм уу. Намбарын Энхбаяр гэдэг хүнийг Шадар сайд битгий болгоорой гэж миний найз О.Магнай захисан.
1990 онд Монголын коммунист намыг татан буулгаагүйнхээ зовлонг бид эдэлж байна. Миний найз О.Магнай МАН-ыг Монголын авлигачдын, алуурчдын нам гэдэг. Та нарын Монголын олон зуун ламыг хэлмэгдүүлсэн, малчдаас малыг нь авсан намыг хэзээ ч өршөөхгүй.
УИХ-ын гишүүн Д.Арвин:
-Намын бүлэглэлүүд улс орны хөгжлийг зогсоож байна. Намуудын хуулиудыг хэлэлцэх хэрэгтэй. Намууд улсын мөнгөөр сонгууль хийж, улсын өмчийг хувийн өмч болгож, хүмүүсээ хэлмэгдүүлдэг байдлыг зогсоох хэрэгтэй. Балиар бүлэглэлүүдээс болж улс орон хөгжихгүй байна. Бид ч энэ танхимдаа хоёр өдөр гундангуй сууж байна. Тиймээс хэлэлцэх асуудалдаа намуудынхаа хуулийг оруулж ирье. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулъя. Парламентын засаглал гацлаа.
УИХ-ын гишүүн Б.Ганбат:
-Бидэнд хэлэлцэх асуудал их байна. Бие биенээ барьцаалж, асуудлыг гацаахаа болъё. Хуралдаандаа оролцох хэрэгтэй. Парламентын танхимдаа орж ирж хуралдаа суухыг уриалж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ