Ирц хүрэхгүй бол семинар үргэлжилнэ

УИХ-ын ээлжит чуулган гишүүдийн ирц бүрдээгүйгээс нээгдсэнгүй. МАН, МАХН-ын бүлгийн гишүүдийг өдөржин хүлээсэн АН-ын гишүүд хуралдааны бус семинарын горимд шилжиж, үг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Батцогт:
-Парламентаа барьцаалж байсан түүхийг мэдэхгүй юм. Монгол төр та бүхний тоглоом биш. Барилгын хуулийн эцсийн найруулгыг сонсъё гэхээр сайд нь алга. Чуулгандаа орж иртэл нь хүлээж сууя” гэсэн бол
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:
-Өнөөдөр МоАХ-ны анхдугаар их хурал хуралдаж байсан өдөр. Гэтэл парламентыг гацааж, ардчиллыг зогсоох гэсэн оролдлого хийж байна. Асуудал байгаа бол чуулганы танхимдаа суугаад хэлэлцэх хэрэгтэй. МАН, МАХН, ХҮН-ын төлөөлөл хуралдаандаа сууж, асуудлаа хэлэлцээсэй гэж хүсч байна. АН цаашдаа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллана хэмээн мэдэгдэв.
УИХ-ын гишүүн Б.Наранхүү:
-Нэг хүнээс, хэсэг бүлэг хүний ашиг сонирхлоос парламент гацаж байгаа оролдлогыг манай нам манлайлан гарц олох хэрэгтэй. Нэг хүнийг албан тушаалд тавих асуудлаас төрийг гацааж болохгүй. Энэ байдлаасаа гарах дараагийн алхмыг хийе гэсэн юм.
Ийнхүү гишүүд үг хэлсний дараагаар УИХ-ын дарга З.Энхболд:
-Одоо 18.18 цаг болж байна. Маргааш өглөө 09.00 цагт хуралдаандаа цуглая. Маргааш ирц хүрвэл ээлжит бус чуулганыг нээж хуралдаан эхэлнэ. Ирц хүрэхгүй бол семинар үргэлжилнэ гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ