
Ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарч байгаагийн балгийг монголчууд нуруундаа үүрэх нь ээ. Учир нь сүүлийн хоёр сарын хугацаанд ам.доллар төгрөгийн эсрэг 200 шахам төгрөгөөр чангарч байгаа нь шатахуун импортлогч компаниудыг алдагдалтай ажиллахад хүргэж, улмаар импортлогчид түлшний үнийг нэмэхээс өөр гарцгүй болоод байгаагаа салбарын яамд болоод холбогдох газруудад уламжилжээ. Тэрчлэн өнөөдөр оройноос эхлэн бензиний үнийг нэмэхээр боллоо гэх мэдээлэл гарч байгаа тул ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын орлогч дарга Н.Болдхүүтэй холбогдож тодрууллаа.
Тэрээр импортлогчид түлшний үнээ нэмэхэд хүрч буй шалтгаан нь долларын чангаралттай шууд холбоотой гэдгийг хэлж байна. Төгрөгийн ханшийг хэвийн хэмжээнд барихад, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй Монголбанк болоод Сангийн яамны зүгээс үр дүнтэй ажиллах ёстой шүү дээ гэсэн байр суурьтай байгаагаа тэр илэрхийлсэн. Хэдийгээр Засгийн газрын зүгээс шатахууны импортын татварыг хөнгөлөх удаа дараагийн арга хэмжээнүүдийг авч, ажил хэрэг болгож ирсэн ч, долларын ханшийн чангаралт импортлогчдыг алдагдалд оруулж байгаа нь үнийг нэмэхэд хүргэж байна. Гэхдээ одоо ЭБЭХ-ний яаман дээр импортлогчид болоод бусад талуудын уулзалт болж байна. Уулзалтаар хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээ ярилцах гэж байна гэсэн мэдээллийг өглөө.
Харин Магнай трейд, Петровисын ШТС-уудтай холбогдож “Өнөөдрөөс түлшний үнэ нэмэгдэх юм уу” гэдгийг тодруулахад “Тийм юм байхгүй” гэсэн агуулгатай мэдээллийг аль, аль нь өгч байна.
Ямартай ч, шатахууны найм дахь удаагийн их хомсдолын ард гарч нуруу нь тэнийгээд байсан монголчууд шатахууны үнийн өсөлтөд дарлуулж мэдэхээр боллоо.
Төгрөгийн ханш ингэтлээ унаж байхад, төлөв даруухан тайлбар хийж суугаа Монголбанкнаас цаашид ямар арга хэмжээ авч дийлэх бол гэдэг асуудал байна. “..Ханш сулрахад зарим хэсэг нь эрсдэлд ордог байхад зарим хэсэгт эерэг нөлөө үзүүлдэг. Тэгэхээр эрсдэлийг зах зээлд оролцогчид өөрсдөө удирдах ёстой. Харьцангуй огцом системийн хэмжээнд эрсдэл учруулахгүй байх асуудлыг төв банк хариуцаж бодлогоо хэрэгжүүлнэ..” хэмээн Монгол банкны валют эдийн засгийн газрын Төлбөр тэнцлийн статистик судалгааны хэлтсийн дарга С.Болд хэлж байсан. Тэгвэл энэ удаагийн ханшийн уналт хангалттай эрсдэлийг, тодруулбал
Харьцангуй огцом системийн хэмжээнд эрсдэл учруулахаар байгааг дуулгая. Өнөөдрийн байдлаар 1 ам.доллар 1450 төгрөгтэй тэнцэж, доллар үнэндээ “онгирч” байна.
Хэдийгээр эрхмүүдийн хэлж байгаачлан ханшийн богино хугацааны шинжтэй сулралт, чангаралт нь зах зээлийн жам ёсоор байх ёстой зайлшгүй үзэгдэл ч гэлээ, хазаарлах шаардлага ийн албан ёсоор тулгарч байна. Арваннэгдүгээр сараас эхлээд төгрөгийн ханш суларч байгаагийн гол шалтгааныг эдийн засагт орж ирж байгаа валютын орох урсгалаас гадагшилж байгаа валютын урсгал давамгайлсан шинж чанартай байсантай холбоотой. Монгол улсын эдийн засагт валют нь экспортын орлого болон гадаад зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлбэрээр орж ирдэг. Өөрөөр хэлбэл төлбөрийн тэнцлийн урсгалаас санхүүгийн гүйлгээнд орж ирдэг. Нөгөө талдаа гадагшилж байгаа валютын хэмжээ нэмэгдсэний гол шалтгаан хувийн хэвшлийн эрэлт өссөн, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнтэй уялдаад импортын эрэлт нэлээн огцом өссөн гэж тайлбарлаж байгаа. Импортын эрэлт нь нэмэгдэж, импорт өссөнтэй уялдаад тээврийн зардал бараг 20 хувиар өсч, тээвэр болон бусад үйлчилгээний төлбөрүүд нэмэгдээд эхэлчихэж байгааг ч Төв банкнаас мэдэгдээд сууж байсан. Тэгэхээр төгрөгийн ханшийн уналт түлшний үнийн өсөлтийг дагуулж байгаа нь зайлшгүй үзэгдэл гэж харагдаж байна. Гэсэн ч талууд өнөөдөр хуралдаж байна. Хэрхэн шийдвэрлэхийг харъя.
Э.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ