Намуудад ”найр тавих” зав эрх баригчдад байхгүй

img

Гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хэдэнтээ товлогдсон ээлжит бус чуулган хэлэлцэх асуудлаа ганцхан өдрийн дотор шийдвэрлээд хаав. Өнгөрсөн баасан гаригт  ээлжит бус чуулган сөрөг хүчин  МАН-ын бүлгийн гишүүдгүйгээр нээлтээ хийсэн. Нэг өдрийн дотор гурвантаа хуралдахдаа  намрын чуулганаар батлагдсан 291 хууль, тогтоомжийн эцсийн найруулгыг сонсож, ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг чөлөөлж, зээлийн гурван хэлэлцээрийг соёрхон баталж, 10 гаруй хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ.

 

Эцсийн найруулгыг нь сонсож, редакци хийгдсэн намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль тогтоомжууд эдүгээ Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээр хэрэгжиж эхлэх бол хэлэлцэхийг  дэмжсэн хуулийн төслүүд хаврын чуулганаар батлагдана.

 

Харин ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг огцруулснаар ээлжит парламентын сонгуультай зэрэгцсэн хаврын улстөр ширүүхэн үргэлжлэх нь. ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татахыг МАН-ын бүлэг эсэргүүцэж, уг асуудлыг хэлэлцэхэд хуралд оролцоогүй.  Хэрвээ “ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах хуралд оролцвол Үндсэн хууль зөрчсөн асуудал болно” гэж тэд үзсэн бол “Хэрэгжээгүй байсан хуулийн үйлчлэлийг зогсоосон дүгнэлт гаргаснаараа Цэцийн дарга УИХ-ын мэдэлд хандаж, хууль зөрчсөн” гэж АН-ынхан тайлбарласан. ҮХЦ-ийн даргыг суудлаас нь огцруулсантай холбоотой сөрөг хүчин УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ч өргөн барьж мэдэх бол эрх баригчид ҮХЦ-ийн дараагийн даргыг томилох ажилд идэвхийлэх биз.

 

Иргэн Энхбаяр нь УИХ-ын дарга З.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны зарим гишүүнийг сэлгэн томилохдоо хууль зөрчсөн хэмээн үзэж ҮХЦ-д өгөөд байгаа.  УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгийг гадаадад томилолттой байхад нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс нь хасч, оронд нь Г.Батхүү гишүүнийг томилсон нь “хэрэг мандааж”.

 

Уг асуудлаар ҮХЦ одоогоор маргаан үүсгээгүй байгаа. ҮХЦ иргэний өгсөн гомдлыг  30 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэдэг заалттай.  Уг  хуулийн хугацаа энэ 7 хоногт дуусгавар тул ҮХЦ дунд суудлын хуралдаанаа зарлан, хэлэлцэх байх.  Хэдийгээр ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг огцруулсан ч бусад 8 гишүүн нь асуудлыг хуулийн хүрээнд  хэлэлцэн  шийдвэрлэх нь нээлттэй юм билээ.  Иргэний гомдлыг хэлэлцэхдээ даргыг нь огцруулсан парламенттай Цэц зөрүүлж маргалдах эсэх нь тэдний дүгнэлтээс шалтгаална.

 

Нөгөөтэйгүүр парламентад  дөрвөн жил хамтын ажиллагаатай явсан эрх баригч АН “Шударга ёс” эвслийн бүлэг дахь МАХН-ын хооронд шөргөөцөлдөөн үүссэн.  МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох улс төрийн тохиролцооноос үүдсэн асуудал. Гэхдээ гадна талд АН-тай хамтран ажиллахаар гар барьж, дотооддоо МАН-тай ирэх сонгуульд нэгдэхээр хэлэлцэж байсан МАХН-ын дарга Н.Энхбаяртай эрх баригчид эвлэрч ажиллах цаг үеийн шаардлагатай тулснаас бус итгэл үзүүлсэн зүйлгүй.

 

МАН, МАХН хамтарч Эх орончдын баярыг тэмдэглэх болсон нь нь тэд эргээд нэгдэх болсны илрэл бол АН-ын зүгээс ч ИЗНН, МҮАН-д нэгдэх урилга хүргүүлээд, хариу нь бараг тодроод байгаа.  Сонгууль угтсан улс төрийн намуудын их хурлаар энэ бүхэн тодорхой болно.

 

Харин одоо намын даргаа Шадар сайдаар томилоогүй гээд МАХН-ынхан хамтын ажиллагаа цуцална  уу, ҮХЦ-ийн даргыг үндэслэлгүй огцруулсан гэж МАН-тай хамтарч спикерийг огцруулах асуудлыг өргөн барина  гэж сүрдүүлэх эсэх эрх баригчдад падгүй болж.

 

ҮХЦ-ийн даргыг огцруулсантай холбоотой улстөрийн тоглолт  үзэгдэл төдийгөөр өнгөрөх байх гэж ажиглагчид үзэж байна лээ. УИХ-ын даргыг огцруулах саналыг МАН, МАХН-ын гишүүд  хамтраад орууллаа гэхэд АН-д ИЗНН, МҮАН-ын гишүүд хүч хавсран авч үлдэнэ.

 

Тэгээд ч эрх баригч хүчин АН парламентад суудалтай намуудтай төр, засгийг тогтвортой байлгах талаар "найр тавин" хэлэлцээрийн ард суух цаг зав одоо байхгүй.

 

Өнгөрсөн жилүүдэд чуулган бүрээр Засгийг, хэн нэг сайдыг огцруулах асуудал хөндөгдөж, энэ бүхэнд парламентад суудалтай нам, эвслүүдтэй зөвшилцсөөр ирсэн. Харин одоо АН-ынхан дөрвөн жил хийсэн ажлаа  ард түмэндээ тайлагнах цаг хугацааны өмнө ирээд байгаа.

 

Н.Энхбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
З.Энхболд, Сайханбилэг нарыг огцруулаачээ.
2016-02-22
gomo monhoo gej hen be:
ene neg gomo monhjargal gedeg tomor zamiin er mongoliin internet ertontsod od bolj duuslaa ene yag yaatsan hun yum be medeh amitan bainuu
2016-02-22
ЗҮР:
Ам нээвэл худал ярьдаг Ерөнхийлөгчтэй, арсалдвал араандаа зуудаг Их хурлын даргатай, араар нь тавьж гэрээ хийдэг Ерөнхий сайдтай Монгол орон хөгжих үү. Энэ хэний гавъяа вэ? Сонгосон таны гавъяа гэж тавлах Ардчилсан намтай бид олуулаа хөлжих үү одоо яах вэ?
2016-02-22
Зочин:
фаак АН
2016-02-22