Медалийн чансаагаар 20 дугаарт жагслаа

Дюссельдорфын Гран при тэмцээнд оролцсон Монгол Улсын баг медалийн чансаагаар 20 дугаарт жагслаа. Манай 22 жүдоч хүч үзэж гурван хүрэл, шагналт тавдугаар байрт дөрөв, долоодугаар байрыг хоёр жүдоч эзэлсэн.
Тэмцээний -48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг, 63 кг-д хүч үзсэн гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа болон эрэгтэйчүүдийн -90 кг-д барилдсан олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаатар нар хүрэл медалийн тавцанд зогссон билээ.
Харин шагналт тавдугаар байрт эрэгтэйчүүдийн -73 кг-д хүч үзсэн Н.Хадбаатар, 81 кг-д барилдсан О.Ууганбаатар, 90 кг-ын тамирчин Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн -52 кг-д хүч үзсэн гавьяат тамирчин М.Бундмаа нар шалгарсан. Эрэгтэйчүүдийн -73 кг-д барилдсан гавьяат тамирчин С.Ням-Очир, 60 кг-д хүч үзсэн Г.Хэрлэн нар шагналт долоодугаар байр эзэлсэн.
Германы Дюссельдорф хотноо болсон энэхүү тэмцээнд дэлхийн 91 орны эрэгтэй 353, эмэгтэй 204, нийт 557 жүдоч өрсөлдөв. Япон, БНСУ гурван алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүлэв.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ