Ассадын мэдэгдлийн дараа 140 хүн амиа алджээ

img

Сирийн нийслэл Дамаск хотноо дарааласан дэлбэрэлт болж, 140 хүн амиа алджээ. Энэ талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.

 

 

НҮБ-ын санаачилгаар олон улс Сирийн иргэний дайныг зогсоох улмаар гал зогсоох хэлэлцээрийг байгуулахаар хэлэлцэж байна. Германы Мюнхен хотноо энэ сарын 11-13 хооронд Европын холбооны 11 орны тэргүүн цуулж, Сирид гал зогсоох хэлэлцээрийг амжилттай байгуулсан юм. Хэлэлцээр ёсоор өнгөрөгч долоо хоногт Сирид гал зогсох ёстой байжээ. Харамсалтай нь хэт даврагчид болон Сирид цохилт өгч буй орнууд уг хэлэлцээрийг үл тоон тус улсад алан хядах болон цэргийн ажиллагаа явуулсаар байна.  Өнөөг хүртэл өнгөрөгч долоо хоногт Алеппо хотноо байрлах эмнэлэг болон иргэний байгууллагыг аль улс агаараас бөмбөгдсөн гэх асуудал нууц хэвээр байгаа. “Энэхүү цэргийн ажиллагааны үеэр 40 хүн амиа алдсан” хэмээн “Хил хязгааргүй эмч” нар байгууллагаас мэдээлсэн юм.

 

Туркийн эрх баригчид Алеппо хотноо Оросын сөнөөгчид цохилт өгсөн хэмээн мэдэгдсэн бол энэхүү мэдээллийг Москва эрс үгүйсгэсэн юм. Уг асуудалд Цагаан ордон болон Пентагон анхаарлаа хандуулан ажиллаж байна. “Алеппо хотыг бөмбөгдөх үед тус улсад Турк, Франц, Орос, АНУ тэргүүтэй олон цэргийн эвсэл хэт даврагчдын байршилд цохилт өгч байсан” хэмээн Москва мэдэгдэв. Мөн уг асуудлаас гадна 2012 оноос хойш анх удаагаа Сирид олон улсын тусламжийн цуваа нэвтэрч, тусламж хэрэгтэй байгаа 40 мянган хүнд хүнсний тусламж нийлүүлжээ.  НҮБ болон АНУ-ын эрх баригчид Сирийн Засгийн газартай удаан хугацааны турш хэлэлцсэний эцэст тусламжийн цувааг хил нэвтрэхийг зөвшөөрсөн юм.  2011 оны дөрөвдүгээр сард дэгдсэн иргэний дайны дараа Сирийн эрх баригчид хилээ хаасан юм. Сири хэдий хилээ хаасан ч олон улсын тусламж нэвтэрсээр байжээ. Харин хэт даврагчид тус улсад нэвтэрч, алан хядах ажиллагаа зохион байгуулж тусламжийн цувааг дээрэмдэх, олон улсын элч нарыг барьцаалах явдал ихээр гарах болсонтой холбогдуулан Сирийн эрх баригчид тусламжийн цувааг нэвтрэхийг хатуу хориглосон юм. Хэрвээ зөвшөөрөлгүй нэвтэрвэл шууд устгахаа сануулсан удаатай. Өнгөрөгч долоо хоногт тус улсад дээрх үйл явдал өрнөж, 40 мянган иргэн тусламж хүлээн авчээ.

 

Уг асуудал болон олон улсын хүсэлтийн дагуу Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад өчигдөр гал зогсоох асуудлаар өөрийн байр сууриа хүргэсэн чухал үйл явдал тохиов. Ассад “Хэрвээ олон улс болон сөрөг хүчин Засгийн газрын нөхцөлийг хүлээж авбал Сирид гал зогсч, армийнхан зарим бүс нутгийг чөлөөлөх болно. Мөн гал зогсоох хэлэлцээрийг сөрөг хүчний удирдагчид хүлээн авч, зэвсгээ хураалгавал армийнхан ухралт хийх болно. Хамгийн гол нь хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж буй үед олон улс Сиритэй залгаа Туркийн хил орчимд хяналтаа тавьж, тус улсаас нэвтэрч буй хууль бус зэвсэг, наймаанд анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Мэдээж хэрэг энэ асуудалд Сири, Оросоос тусламж авах болно” гэж мэдэгджээ.

 

Ерөнхийлөгчийн мэдэгдлийг Сирийн Засгийн газрын төв сайтад нийтэлсэн талаар “SANA” агентлаг мэдээлэв. Ассадыг ийнхүү хэлсний дараа Сирид хяналтаа тогтоохоор тэмцэж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл нийслэл Дамаск болон Хомс хотноо дараалласан халдлага зохион байгуулсан байна.  Энэ халдлагууд өчигдөр орон нутгийн цагаар 14.00, 19.00 цагт болжээ. Эхний халдлага Дамаскийн төвд болсон байна. Дамаск хотын нэгэн худалдааны төвийн автомашины зогсоол дээр дэлбэрэлт болжээ. Энэхүү халдлагаас цаг орчмын дараа Зейнаб дүүргийн төвд террористууд уурхайн тэсэлгээний бодис тэсэлжээ. Дараалласан халдлагын улмаас 83 хүн амиа алджээ.

 

 

Армийнхан Дамаск хотыг хамгаалж байх үеэр террористууд Хомс хотын төвд тэсрэх бөмбөг суурилуулсан хоёр автомашин дэлбэлсэн байна. Дэлбэрэлтээр 57 хүн амиа алджээ. Ийнхүү ганцхан өдрийн дотор 140 хүн амь үрэгдэв. Эдгээр халдлагыг “Халифын вант улс” бүлэглэл захиалсан болохоо мэдэгджээ. Тус бүлэглэл твиттер хуудастаа “Аллахын дайчид үүргээ амжилттай гүйцэтгэсэн. Та бүхнээр бахархаж байна”, “Биднийг хэн ч зогсоож чадахгүй”, “Хэн зөвшөөрсөн юм. Хэн Сирид гал зогсоохыг зөвшөөрсөн юм бэ?”, “Хэрвээ армийнхан буугүй болбол бид тэдний эсрэг буугаа шагайх болно” гэх жиргээг нийтэлжээ.

 

Женев хотноо энэ сарын 5-нд Сирийн хямралыг хэрхэн зогсоох вэ?” олон улсын форум уулзалт эхэлсэн ч гурван өдрийн дараа тодорхойгүй шалтгааны улмаас энэ сарын 25-ныг хүртэл хойшилсон. Уг уулзалтад Сирийг төлөөлөн оролцож буй НҮБ-ын Сирийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Стаффан де Мистура өчигдөр “Уулзалт товлосон цагтаа эхлэх болно. Женевийн уулзалтаар Сирийн асуудлыг шийдвэрлэх болно” гэсэн байна. Женевийн уулзалт зургаан сар үргэлжлэх юм. Хэлэлцээрийн эхний шат буюу эхний хоёр сард НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан төлөөлөгчид тус улсын асуудлаар хэлэлцэх юм. Харин хоёр дахь шат буюу 3, 4 дүгээр сард Сирийн холбоотон орнуудын удирдлагууд Сирийн хямралын асуудлаар ярилцаж, Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний удирдлагуудын хамтарсан уулзалтыг зохион байгуулна. Харин төгсгөлийн шат буюу 5, 6 дугаар сард НҮБ, Сирийн холбоотон орнууд болон хөрөнгөтөн орнууд Сирийг хэрхэн хямралаас гаргах талаар  олон улсын форум уулзалт зохион байгуулж, ирэх долоодугаар сард болох Ерөнхийлөгч болон парламентын сонгуулийн явцыг ажиглах юм. 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
БОЛЬЁ ОО
2016-02-22
Зочин:
ene ih olon undur hogjiltei tsereg dainii ih nootsetei gd hutsaad bdag tom gurnuud heden buu barisan malchdiig diilehgui onigoo bolj bnaa odoo bur gal zogsooyo gej guij baih shivdee
2016-02-22
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-22
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-22
Зочин:
дараалласан гэж ярьж бичдэг бил үү
2016-02-22