Малчдад мөнгөн тусламж үзүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хаваржилтын талаар хэлэлцсэн байна. Хаваржилт ямар байгаа талаар Шадар сайд Ц.Оюунбаатараас тодрууллаа.
-Хаваржилтийн бэлтгэл ажил хэр байна вэ?
-Засгийн газрын хуралдаанаар өвөлжилт, хаваржилтийн цагийн байдал, энэ чиглэлд Засгийн газраас олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай энэ асуудлыг авч хэлэлцлээ. Өвөлжилт Ерөнхийдөө хүндэвтэр байсан. Гэхдээ өвөлжилтийн бэлтгэлийг тухайн цаг үед нь шуурхай авч ажилласан. Сахилга хариуцлагыг өндөржүүлж, биелэлтийг шалгаж, газар дээр нь ажилласан. Тухайлбал, өвөлжилт хүнд байгаа Өмнөговь, Дундговь, Төв аймагт Улсын онцгой комисс, Шадар сайд биечлэн ажилласан. Өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь битүү цасан бүрхүүлтэй байна. Увс, Завхан аймаг, Хөвсгөлийн зарим хэсэг, зүүн аймгийн зарим сумдад цас ихтэй, цагийн байдал хүнд байна. Орон нутаг дутагдаж байгаа зүйл гэвэл малчид өвс худалдаж авах мөнгөгүй байна. Цагаан сараа ихээхэн хөрөнгө мөнгө гаргаж хийсэн.
-Малчдад тулгамдсан асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэрхэн шийдвэрлэсэн бол?
Өвсийг бэлнээр худалдаж авах боломж байхгүй. Мөн өвс тэжээлийг орон нутагт хүргэх тээврийн зардлын асуудал байна. Бизнесүүдийн гар дээр өвс тэжээл нэлээн бэлтгэсэн байгаа. Засгийн газраас малчдад үнэ төлбөргүй буюу хөнгөрүүлсэн үнээр 20 аймгийн 100 мянган тонн өвсийг хүлээлгэж өгсөн. Түүнчлэн 20-иод аймгийн 30 гаруй сумдад түргэн тусламжийн машин өгсөн. Одоо мал төллөх гэж байна. Мал,төлийн бэлтгэл, дулаан хувцас, бусад зайлшгүй шаардлага эмнэлэг, эм тарианы зүйлүүд дутагдалтай байгаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, олон улсын хэмжээнд Улаанзагалмайн хавирган сар нийгэмлэг, НҮБ-ын байгууллага, АХБ зэрэг байгууллагуудтай урьдчилан ярьсан. Ингээд олон улсын байгууллагын анхаарлыг хүндрэлтэй байгаа аймаг, сумдад хандуулж, 1800 гаруй малчдад мөнгөн тусламж үзүүлэх асуудлыг шийднэ. Хүнсний зүйлийг олон улсын байгууллагууд өгнө. Хавар хүн мал тамирдсан үед амин дэмүүд болох наранцэцгийн тос, гурил малчдад хэрэгцээтэй. Энэ тусламжуудыг олон улсын байгууллагатай хамтарч хэрэгжүүлнэ. Цаашдаа 2 тэрбум төгрөгийн өвс тэжээлийг улсын нөөцөд авах шаардлагатай байгаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ