Н.Пүрэвдорж: Шар үнэмлэхийг 2016 он дуустал солино

Жолооч нарт 2008 оноос өмнө олгож байсан, хуучин /шар/ үнэмлэхийг солих журам батлагдсан бөгөөд үнэмлэх солих ажлыг Лицензийн төв хариуцан ажиллаж буй юм. Тус төвийн мэдээлэл, технологийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Н.Пүрэвдоржоос дараах тодруулгыг авлаа.
-Жолооны шар үнэмлэхийг шинэчлэх ажил эхэлжээ. Энэ талаар тодотгохгүй юу?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдаад 2015 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Тус хуульд заагдсан жолоодох эрхийн журмын дагуу 2008 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө олгогдсон жолоодох эрхийн үнэмлэхийг хүчингүйд тооцож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хугацаа заагаагүй жолоодох эрхийн шар үнэмлэх хүчингүй болж, жолоодох эрхийн шинэ загварын саарал үнэмлэхийг 10 жилийн хугацаатай олгож байгаа. Тиймээс хүчингүй болсон шар үнэмлэхийг солих ажлыг эхлүүлээд байна.
-Ер нь шар үнэмлэхийг заавал солих шаардлагатай юу?
-Заавал солих шаардлагатай. Шинэ загварын саарал үнэмлэхний хувьд манай улс төдийгүй, олон улсад тараагдчихсан учраас зайлшгүй солих шаардлагатай. Ерөнхийдөө жолооны үнэмлэхний олон улсын загвар батлагдаад хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн учир хүчингүй болсон үнэмлэхийг дахин ашиглах боломжгүй. Замын хөдөлгөөний тухай хуулинд үнэмлэхийг 10 жилийн хугацаатай олгоно гээд заачихсан байгаа. Тэгээд ч хуучны жолооны үнэмлэх дээрх зураг, одоогийн дүр төрхөөс тэс ондоо болж өөрчлөгдөх тохиолдол их бий. Энэ нь эргээд жолооч, цагдаа хооронд маргаан үүсэх эх үүсвэр болж байна. Тиймээс л ашиглах хугацаа заагаагүй шар үнэмлэхийг шинэчилж буй юм.
-Шинэ үнэмлэхийн үнэ хэд вэ? Хэвлэгдэн гарахад удах уу?
-Шинэ үнэмлэх багадаа ажлын гурван хоногт, ачаалалтай үед 14 хоногийн хугацаанд гарна. Шинэ үнэмлэх хэвлэгдэн гартал жолоодох эрхийн шар үнэмлэхийг хураахгүй. Үнийн хувьд банкинд жолооны үнэмлэхний 12500 төгрөг тушаана.
-Ямар материал бүрдүүлэх вэ?
-Тухайн жолооч эхлээд үнэмлэхээ солиулах хүсэлт бүхий өргөдлийг бичиж Лицензийн төвд ирүүлэх юм. Мөн нэг хувь цээж зураг, жолооны үнэмлэхний үнэ тушаасан баримт, цусны бүлэг тогтоосон эрүүл мэндийн хуудас, иргэний үнэмлэхээ хувилж хавсаргана.
-Хөдөө орон нутагт хуучин үнэмлэхтэй жолооч олон бий.
-Орон нутгийн иргэдийн хувьд тухайн орон нутгийнхаа замын цагдаагийн хэлтэст хандаж, материалаа бүрдүүлэн үнэмлэхээ захиална. Орон нутгийн замын цагдаагийн газраас манайд тухайн материалуудыг ирүүлсэний дараа бид шинэ үнэмлэхийг нь хэвлээд буцаан хүргүүлнэ.
-Үнэмлэхээ солиулаагүй жолоочид торгууль ногдуулах тухай яриа байна?
-Тухайн үнэмлэх хүчингүй учраас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэж үзнэ. Тиймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авах ёстой ч замын цагдаагийн алба хаагчид шар үнэмлэхтэй жолоочид хэлж анхааруулж, арга хэмжээ авахгүй байгаа. Хуучин үнэмлэхтэй жолоочийг торгох эрх Замын цагдаагийн газарт байхгүй ч, торгохгүй гээд хуучин үнэмлэхтэйгээ яваад байж болохгүй.
-Үнэмлэх солиход хугацаа заасан уу? Үйлчилгээний зааланд урт дараалал үүссэн харагдана.
-Өнөөдрийн байдлаар манайхаар үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх нь шар үнэмлэхээ солиулж байна. Ер нь бол жолоочид яарч сандарч, ингэж дараалал үүсгэх шаардлагагүй. Яагаад гэвэл энэ оныг дуустал үнэмлэхээ солиулж болох учраас хугацаа байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ