Машиндаа хар тамхи хэрэглэж байсныг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид хар тамхи хадгалж, хэрэглэж байсан бүлэг этгээдийг илрүүлжээ.
Өнгөрөгч нэгдүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо ...... рестораны гадна авто машины зогсоолоос Э, Э, О, М, А гэх этгээдүүд машин дотор мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсныг илрүүлэн, автомашинаас 1.1 грамм ICE буюу мөс гэх бодис илэрснийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгааг албаны эх сурвалж мэдээллээ. Уг хэрэгт холбогдсон этгээдүүд нь 1979-1994 оны залуус байгаа аж. Тэдний дунд урд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан болон ял шийтгэл эдэлж байсан, одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж буй этгээдүүд байжээ.
Мөн ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид нэгдүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "Peace bridge" зочид буудлын авто машины зогсоол дээрээс Б, Г нарыг баривчилж шалгахад 19.2 грамм ICE буюу мөс гэх сэтгэцэд бодис илэрсэн байна. Үүнийг эд мөрийн баримтаар хураан авч, тэдэнд Эрүүгийн хуулийн 192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлд заасан хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд хийсэн үзлэгээр сэжигтэй этгээд М.Г-ийн биеэс гялгар уутанд 11 хуваан ууталж савласан 18.7 грамм мөс, Э.Батмөрөнгийн автомашинаас 0.5 грамм мөс илэрч эд мөрийн баримтаар хураагдсан байна. Мөн Б, Г нар нь метамфетамины төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна.
Өнгөрөгч 2015 онд Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан хэрэгжснээр хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж, ял эдэлж байсан хүмүүс суллагдсан. Энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх тутам нэмэгдэж байна. Өнгөрөгч онд цагдаагийн байгууллага энэ төрлийн 60 гаруй гэмт хэргийг илрүүлж, 160 гаруй хүний холбогдуулан шалгасан байдаг. Уг хэрэгт залуус буюу 18-37 насныхан холбогдон шалгагдаж буй цагдаагийн байгууллагаас мэдээлдэг.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ