Унадаг дугуйг гаалийн татвараас чөлөөлөх санал гаргажээ

“Унадаг дугуйтай Улаанбаатар-2016” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн Замын цагдаагийн газар, МЗХ-ны дэргэдэх Авто замчин залуучуудын холбоо, МЗХ-ны Эрүүл мэндийн байнгын хороо, Монголын дугуйн холбоо болон бусад байгууллагын төлөөлөл оролцож “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, унадаг дугуйн хэрэглээг хэрхэн нэмэгдүүлэх, дугуйчдын аюулгүй байдал, хууль эрх зүйн орчинг хэрхэн хангах, унадаг дугуйн замыг шинээр байгуулах боломж зэрэг асуудлыг хөндөн ярилцав.
Уулзалтын үр дүнд залуучууд нэгдэж өөрсдийн боломж бололцоогоор дугуйн жишиг замтай болох, унадаг дугуйг Гаалийн татвараас чөлөөлөх мөн банкны лизинг бууруулах зэраг санал гаргажээ. Эдгээрийг нэгтгэн 2016 онд хэрэгжүүлэх “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгах юм байна.
Манай улсад унадаг дугуй ашиглагчийн тоо 30 мянгад хүрчээ. Унадаг дугуй ашиглахад юу тулгамдаж буйг судлахад унадаг дугуйн зам, хулгайд алдагдах, зогсоолын асуудал гэсэн судалгаа гарсан байна. Хэлэлцүүлэгт оролцсон дугуйчид хамгийн түрүүнд тулгамдаж буй асуудал нь дугуйн замгүй байдлыг онцлов. Мөн тэд хөдөлгөөнд оролцож буй дугуйчдыг зориулалтын малгай өмсөж хэвшихийг уриалав.
"Унадаг дугуйтай Улаанбаатар" төслийн хүрээнд 2013-2015 онд Бэлхийн зам, Дүнжингаравын зам, 19 дүгээр хорооллын арын зам, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн зэрэг есөн газар 45.9 км дугуйн замтай болсон. Тэгвэл энэ онд Концессын гэрээгээр баригдах долоон замын хоёр нь дугуйн замтай баригдах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Хэрэв уг төлөвлөгөөний дагуу хэрэгжвэл энэ онд 30 км орчим дугуйн зам шинээр нэмэгдэх нь.
Мөн Авто замчин залуучуудын холбоо явган хүний замыг дугуйн замтай хосолмол аргаар ашиглах талаар судалгаа хийжээ. Уг судалгаанаас баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх урд талын явган хүний замыг дугуйн замтай хосолмол аргаар хэрэглэх боломжтой гэсэн дүн гарсан байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ