Зам засварын ажил ирэх сарын 15-нд эхэлнэ

2016 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй авто зам, байгууламжийн төсөл, арга хэмжээг нийслэлийн удирдлагууд хэлэлцлээ. Энэ онд зам засвар, шинэчлэлтийн ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлж долоодугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөжээ.
Нийслэлийн Авто замын газраас АСЕМ-ийн уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд 6 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөө танилцууллаа.
- Гандийн гудамжны 1.6 км авто зам шинэчлэлт
- Баянмонгол хорооллын 1.1 км авто зам шинэчлэлт
- Их монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт
- Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх 0.75 км авто замын өргөтгөл шинэчлэлт
- Энхтайваны гүүрний зүүн талын туслах авто замаас Сөүл ресторан хүүхдийн паркын дундуур Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж хүртэлх 0.98 км авто замын зураг төсөл, барилгын ажил
- Яармагийн гүүрнээс “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх авто замын гэрэлтүүлэгчийг солих болон Богд уулын арын 17.5 км авто замын 1130 гэрэлтүүлгийг шинээр тавих ажлыг хийхээр төлөвлөжээ.
Дээрх ажлуудыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2016 онд санхүүжүүлэх төсөл арга хэмжээ болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх аж.
Нийслэлийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажилд зарж байгаа хөрөнгө хүрэлцээгүй, авто зам, замын байгууламжийн арчлалт, урсгал засварт зарцуулах санхүүжилтийг нормативаар тооцохгүй байгаагаас зам, гүүрүүд тооцоолсон хугацаанаас өмнө эвдрэлд орох явдал байгааг НАЗГ-ын дарга Д.Нанзаддорж хэлэв. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх гарц хайж зам, гүүрийн арчлалт, урсгал засварыг нормативаар санхүүжүүлэх тогтолцоонд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж “Нийслэл хотын Авто замын засвар, арчлалтын ажлын зардлын суурь норм”-ыг Монгол Улсын зөвлөх инженерүүдтэй хамтран нийслэлийн Авто замын газраас боловсруулжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ