Энэтхэгт ”Монголын өдрүүд” үргэлжилж байна

Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайдын яам Энэтхэгийн Аялал жуулчлалын корпорацийн “Maurya” зочид буудалтай хамтран зохион байгуулж буй "Монголын өдрүүд" Шинэ Дели хотноо энэ сарын 20-ны өдөр эхэлжээ.
Монгол орон, монгол үндэсний соёл, хоолны урлагийг Энэтхэгийн олон нийтэд таниулан сурталчлах энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын тухай гэрэл зургийн болон гар урлалын бэсрэг үзэсгэлэн, ардын урлагийн тоглолт бүхий цогц үйл ажиллагаа болсоноор үзэгч сонирхогчдын таашаалд нийцэж байгаа аж.
"Монгол өдрүүд"-д оролцогчид Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтсоосны 60 жилийн ойн хүрээнд тус тусын салбар, чиглэлүүдээр Монгол Улстай харилцаж байгаа талаараа мэдээлж, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж санал бодлоо солилцжээ.
Мөн эл арга хэмжээнд “Модерн Номадс” рестораны мастер тогооч Х.Даваадорж, Б.Мөнгөншагай уригдан оролцож мэргэжил нэгтэй энэтхэг тогооч нартай ажлын арга туршлагаа солилцохын сацуу үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын хөгжимчин Ц.Чулуунцэцэг, Х.Дамдин нар ардын урлагийн тоглолтоо сонирхуулсан нь оролцогчдын талархлыг хүлээсэн байна.
Шинэ Дели хотноо долоо хоног үргэлжлэх Монголын өдрүүд -ийн заллага, зар сурталчилгаа гадаад орнуудын дипломат төлөөлөгчдийн газар, ITC Maurya зочид буудлын сүлжээнд багтдаг 100 гаруй ресторанд хүрснээс гадна “Индия Эмпайр”, “Туризмфөст” энэтхэгийн хэвлэлүүд Монголын тухай нийтлэл ярилцлагуудыг нийтлэсэн нь уншигч олны сонирхлыг татжээ.
"Монголын өдрүүд" арга хэмжээ энэ сарын 28-нд өндөрлөх аж.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ