Иргэний мэдээллийн системийн нээлт болно

Монгол Улсын шүүхээр шийдвэрлэгдэж байгаа нийт хэрэг маргааны 80 гаруй хувийг зөвхөн иргэний хэрэг эзэлдэг. Шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах, түргэн шуурхай болгох зорилгоор нэхэмжлэл хүлээн авахаас эхлээд анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл бүх процессыг бүртгэдэг нэгдсэн системийг 2014 оноос хойш ашиглаж байна.
Энэхүү системийн тусламжтайгаар иргэний шүүхийн хэргийн оролцогчдын цаг завыг хэмнэх зорилгоор иргэдийн шүүхээс байнга асуудаг мэдээллийг өөрийн кодоор үзэх боломжтой болсон. Нээлтийн арга хэмжээ энэ сарын 25-ны өдрийн 11:00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн сургалтын танхимд болно. Арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчийн холбоо, ГОУХАН-н төлөөлөл оролцох юм байна.
Хэргийн оролцогчид өөрийн хэргийн талаар доорх мэдээллийг интернетийн сүлжээг ашиглан үзэх боломжтой болж байгаа юм.
• Хэргийн оролцогч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдэгдэх хуудас хүргэгдсэн эсэх;
• Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг хэзээ гардуулсан;
• Хариуцагч хариу тайлбар ирүүлсэн эсэх;
• Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа;
• Хэргийн оролцогчдоос хүсэлт гаргасан эсэх;
• Хэргийн оролцогчдоос нотлох баримт гаргасан эсэх;
• Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн эсэх;
• Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн эсэх;
• Шүүх хуралдаан товлогдсон эсэх;
• Хэргийн материалтай талууд танилцсан эсэх;
• Хэргийн оролцогчдод шүүх хуралдааны тов мэдэгдсэн эсэх;
• Шүүх хуралдаан дууссан буюу хойшилсон эсэх;
• Давж заалдах гомдол гаргасан болон хүргүүлсэн эсэх;
• Хяналтын гомдол гаргасан болон хүргүүлсэн эсэхийг харах боломжтой.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ