Майкл Мэтиссэн: АСЕМ бол том сорилт

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт ирэх долоодугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Монгол Улс АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад бэлтгэж буй ажлын явцтай танилцаж, зөвлөгөө өгөхөөр Европын Холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан ахлах зөвлөх Майкл Мэтиссэн тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна.
Тэд өнөөдөр ГХЯ-ны Зөвшилцөл танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Европын Холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан ахлах зөвлөх Майкл Мэтиссэн “АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахаар болсон Монгол Улсад баяр хүргэе. Энэ удаагийн уулзалт нь АСЕМ-ын 20 жилийн ойтой давхцаж буйгаараа чухал. Анх 1996 онд зохион байгуулсан уулзалтад 26 орны төлөөлөгч оролцож байсан. Тэр үед Монгол Улс АСЕМ-д нэгдээгүй байсан юм. АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах нь том сорилт. Бэлтгэл ажил сайн хангагдаж байна. Ирэх долоодугаар сарын 15, 16-нд болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад Европын олонх орны төлөөлөгч хүрэлцэн ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Мөн АСЕМ-ын үеэр зөвхөн дээд хэмжээнийх бус бусад олон түвшний уулзалт болохыг онцолж байсан юм.
Эдийн засаг, улс төр, нийгэм соёл гэсэн гурван баганатай
Мэдээллийн үеэр Европын Холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан ахлах зөвлөх Майкл Мэтиссэн болон АСЕМ-ын БАА-ны орлогч дарга Б.Баясгалан нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Монгол Улсын АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахдаа юуг анхаарах ёстой вэ?
Майкл Мэтиссэн: АСЕМ-ыг зохион байгуулах нь ямар ч оронд томоохон сорилт болдог. Монгол Улс бэлтгэл ажлыг сайн хангаж байна. Өмнө нь Монгол Улсын Засгийн газар олон улсын хэмжээний хурлуудыг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай. Тиймээс энэ уулзалтыг ч амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна.
-Ирэх дөрөвдүгээр сард АСЕМ-ын хүрээнд парламентын төлөөлөгчдийн уулзалт болно гэлээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Б.Баясгалан: Энэ уулзалт бол том арга хэмжээнүүдийн нэг. Бүх түншдээ урилга хүргүүлсэн. Одоогийн байдлаар 20-иод улсаас оролцох тухай хариу ирүүлсэн. Тэдний дунд нэлээн хэдэн улсын парламентын дарга нэр хүрэлцэн ирж оролцохоо мэдэгдээд байна.
-АСЕМ-н уулзалтыг зохион байгуулснаар Монгол Улсад ямар боломж нээгдэх вэ?
-Майкл Мэтиссэн: Энэ уулзалт хоёр жил нэг удаа Ази, Европын оронд ээлжлэн зохион байгуулагддаг. 2014 онд Италийн Милан хотод болсон. АСЕМ нь зөвхөн удирдагчид биш Сангийн сайд, Гадаад хэргийн сайд, Соёл, боловсролын сайдын уулзалт болдог. Ирэх дөрөвдүгээр сарын 21, 22-нд парламентын төлөөлөгчдийн уулзалт Улаанбаатар болно. Зургаадугаар сарын дундуур Сангийн сайд нар уулзана. Мөн долоодугаар сарын эхээр иргэний нийгэм, бизнесийн түншүүдийн уулзалт болно. Эдгээрээс гарсан дүнг дээд хэмжээний уулзалтаар ярилцана. АСЕМ нь эдийн засаг, улс төр, нийгэм соёл гэсэн гурван баганатай. Мөн өнгөрсөн хурлаас хойш Европ, Азийн хооронд олон үйл явдал болсон.
-АСЕМ-ын үеэр аюулгүй байдлыг хангах тал дээр хэрхэн зөвлөж байна вэ. Аюулгүй байдлыг хэрхэн хангаж буйтай танилцсан уу?
-Майкл Мэтиссэн: Манай бүрэлдэхүүнд аюулгүй байдал хариуцсан төлөөлөл ирээгүй. Зохион байгуулагч Монгол Улс аюулгүй байдлыг нягт хангаж байгаад итгэлтэй байна. Удахгүй энэ асуудлыг хариуцсан манай төлөөлөгч ирнэ.
Б.Баясгалан: Энэ тал дээр Герман, Итали, Франц улстай хамтарч ажиллаж байгаа. Урд нь зохион байгуулж байсан улсуудаас ирж зөвлөж байна. Бүртгэл, хурлын үеэр чиптэй зүүлт хэрэглэхээр төлөвлөж байна. Аюулгүй байдлын бусад асуудлыг ч анхааран ажиллаж байна.
Европын Холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан ахлах зөвлөх Майкл Мэтиссэнийг дагалдан яваа зарим төлөөлөгч Улаанбаатарт үлдэж, АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг дуусах хүртэл манай АСЕМ-ын Бэлтгэл ажлын албатай хамтран ажиллах аж.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ