Форумын шигтгээ нь “Телевизийн бизнес ба ёс зүй” хэлэлцүүлэг байлаа

img

“Монголын телевизүүдийн форум-2016”  гурав дахь жилдээ буюу  2 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Бест Вестерн зочид буудалд болж өнгөрлөө.  Уг форумд Монголын телевизүүд болон харилцаа холбооны салбарынхан, уран бүтээлчид, төр, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн салбарынхан оролцов.

 

Энэ удаагийн форум нь  Монголын телевизүүдийн “Контентын үнэлэмж” Монголд ямар байгаа талаар хэлэлцүүлэг өрнүүлж, уг хэлэлцүүлэгт Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл “Телевизийн бизнес ба ёс зүй” сэдвийг хөндсөн юм. Тус хэлэлцүүлэг нь телевизүүд нэр хүндтэйгээр оршин тогтноход ёс зүй хэр чухал болох, улмаар телевизийн бизнесийг амжилттай явуулахад ёс зүйн асуудал хэрхэн хөндөгдөж байгаад чиглэгдэв. Хэлэлцүүлгийг Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (МХМЗ)- ийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Гүнжидмаа удирдаж, панелистээр МХМЗ-ийн удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамир, Радио, телевизийн ёс зүйн хорооны дарга Ж.Батбаатар, News агентлагийн дэд захирал, сэтгүүлч Д.Нарантуяа, залуу сэтгүүлч Ж.Tэгшжаргал нар оролцсон юм. Тэд телевизийн төдийгүй Монголын хэвлэл мэдээллийн салбарт үзэгчдийн итгэл үнэмшлийг тээж явдаг ёс зүйн асуудлын эргэн тойронд ямар алдаа оноо байгаа тухай санал бодлоо хэлсэн.

 

Монголын Хэвлэл Мэдээллийн зөвлөл байгуулагдаад нэг жилийн нүүр үзэж байгаа бөгөөд энэ хугацаанд 10 гомдлыг авч хэлэлцээд байна. Эдгээрээс ёс зүйн санаатай гэхээсээ санамсаргүй алдаа нийтлэг байгаа талаар МХМЗ-ийн удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамир хэлсэн бол уг санамсаргүй хэмээх алдаанаас үүдэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага нь ёс зүйгүй, хариуцлагагүй нэр зүүж, үзэгчид, уншигчдын хэвлэл мэдээлэлд итгэх итгэл үнэмшилд ноцтой нөлөөлж байгаа талаар Хэвлэлийн Хүрээлэнгийн 2015 оны судалгаанаас харж болно.

 

Ёс зүйн алдаа нь зөвхөн сэтгүүлчийн хайхрамжгүй, цаг хугацааны дарамтанд яаран сандран гүйж, мэдээллээ нягтлан хянаж шалгаагүйгээс гардагаас гадна редакцийн хатуу бодлого үгүйлэгдэж байгаа талаар сэтгүүлч Ж.Тэгшжаргал дурдав. Тухайлбал, редакциудын дэргэд мэдээллийг нягтлан шалгадаг орон тооны хүнгүй, мэдээллийн дата бааз дутмаг байдгаас сэтгүүлчид цагийн болон үйл явдлын дарамтад ажилласнаас ёс зүйн алдаа гаргах нь нийтлэг байдаг. Иймд эх сурвалжийн мэдээлэл, бусад судалгааны тоо баримтыг нягталж шалгадаг мэргэжилтэн шаардлагатай тухай онцолсон юм.  

 

 Нөгөөтэйгүүр редакци нь ёс зүйн алдааг зөвхөн хэн нэгэн сэтгүүлчийн алдаа хэмээн буруутгахаас илүүтэйгүүр редакцийн бодлого, дотоод зохион байгуулалтаас  шалтгаалдаг, мөн редакцийг удирдаж байгаа эрхлэгчийн үүрэг хариуцлага нэн өндөр байдаг тухай News агентлагийн дэд захирал, сэтгүүлч Д.Нарантуяа чухалчилсан юм. Алдаа дутагдлын хажуугаар амжилттай ололттой зүйлс байсан нь редакцийн эзэд эрхлэн гаргагчид сэтгүүл зүйн бизнесийг амжилттай явуулахын тулд мэргэжлийн хэм хэмжээ, ёс зүйг сахин мөрдөх нь нэр хүндээ өндөрт өргөж, улмаар бизнесийн амжилтанд нь нөлөөлнө гэдэг итгэл үнэмшилтэй болжээ. Үүний нэгэн жишээ нь, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүдийн 3/1 хувийг хэвлэл мэдээллийн эрхлэн гаргагч, эзэд бүрдүүлж байгаа нь сайшаалтай хэрэг хэмээн Удирдах Зөвлөлийн дэд дарга У.Тамир онцолсон юм.

 

Уг хэлэлцүүлгийн үр дүнд баталгаатай найдвартай мэдээний үнэ цэнэ улам бүр өсөж, түүнийг хүлээн авах хүсэлтэй үзэгчдийн тоо нэмэгдсээр байгаа нь редакцуудын үнэлэмж, үнэ цэнийг өсгөхийг онцолсон нь энэ удаагийн Монголын Телевизүүдийн форумын нэгэн чухал шигтгээ нь байлаа.

 

Эх сурвалж: www.mediacouncil.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zocnin:
ta nariin yu helj niitelj bgaagas ard tymnii itgel ynemshil , yos syrtahyyn shaltgaalna . ycnir ni ihenh TV yzegcnid dagan dyyraigcnid bdag shyy . iimd ta nar hiigmiig zarim talaar yhamsriin hywid ydirdaj yawaa gedgee iolgoh heregtei . heterhii hynii erh geed emh juramgyi hynii yos zyigees gajuud kino . surtal yhyylgiig hiihgyi bh heregtei shyy . ycnir ni bidnii yos zyi mongol hynii setgel zyigees hol byrangyi kino sutacnilgaag bodlogiin hemjeend barij horigloj bh heregtei .
2016-02-26