Ч.Батчимэг: Эмчилгээний виз 2 сараар сунгагдах боломжтой байдаг. Гэхдээ ...

Солонгост эмчлүүлэх болон энэ төрлийн визээр зорчин ирэх Монголчуудын тоо нэмэгдсээр байгаа билээ. Ийн зорчихдоо иргэд буруу ташаа мэдээлэл болон хувь хүмүүсийн зуучлалаар явж цаг мөнгөөрөө хохирох мөн эмнэлгийн үйлчилгээг хангалттай түвшинд авч чадахгүй буцах явдал гарсаар байгаа юм. Энэ талаар болон ер нь Солонгосын эмнэлгийн зуучлал үзүүлдэг байгууллага төлөөлөгчийн үйл ажиллагааны талаар MDK компанийн Монгол талыг хариуцсан ажилтан Ч.Батчимэгтэй ярилцлаа.
Эмнэлэгт зуучилдаг байгууллага сүүлийн үед их боллоо. Эмчилгээний виз гаргана гэсэн зар тавьдаг хувь хүн ч их болсон байна. Энэ талаар яриагаа эхлэх үү
- Солонгосын Эрүүл мэндийн яамнаас өөрийн эмнэлгүүдийг дэлхий нийтэд таниулах эдийн засгийн урсгалыг татах зорилгоор гадаадын өвчтнийг урих буюу эмчлэх тусгай зөвшөөрлийг эмнэлэгийн байгууллагуудад олгож байна. Түүнчлэн гадаад өвчтөн зуучилдаг тусалдаг төлөөлөгч компаниуд мөн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Манай орны хувьд зарим нэг хувь хүн, компани зөвшөөрөлгүй эрхлэх юм уу бизнес болгоод байгаа юм.
Үүнийг ялгаж таньж мэдэх бол бас тийм ч хэцүү биш л дээ. Тухайн эмнэлэг болон зуучлалын байгууллагад гадаад өвтөн эмчлэх, зуучлах эрхийн бичиг гэж байх ёстой. Эрүүл мэндийн хуулийн дагуу тухайн зөвшөөрлийг авсан зуучлалын газар гадаад өвчтөн эмчлэх зөвшөөрөлтэй эмнэлэгүүдтэй хамтарч ажилладаг.
Эмнэлэг нь ч албан ёсны гадаад өвчтөн эмчлэх зөвшөөрөлтэй. Дүрэм журам хуулиа мэддэг. Нөгөө зуучилж байгаа газарч зөвшөөрөлтэй хуулийн дагуу хийж байна гэсэн үг л дээ. Гэтэл хувь хүмүүс оролцоод ирэхээрээ мөн л гадаадаас өвчтөн авах зөвшөөрөлгүй эмнэлэгт хүнийг зуучлах асуудал гарч байна. Дараад нь асуудал эргэхэд хэн ч хариуцлага хүлээхгүй. Тийм л байдал бий болно. Тэгэхээр эмнэлэг зуучлалын газраар үйлчлүүлж буй иргэд тухайн байгууллагад гадаад өвчтөн зуучлах эрх байна уу үгүй юу гэдгийг шалгадаг байх хэрэгтэй. Зөвшөөрлийн бичигтэй нь танилцахад л ялгаж салгаад мэдчих боломжтой . Ер нь зөвшөөрөлтэй газраар үйлчлүүлэх нь магадгүй асуудал үүсэхэд буух эзэн буцах газартай гэсэн үг юм л даа.
Хувь хүн өөрөө хүрээд ирвэл эмнэлэгт үзүүлэх нь арай үнэтэй. Нэг бол эсрэгээрээ хямдхан. Зуучлах байгууллагаар дамжуулахаар арай өөр. Хямд гэдэг ойлголт байх уу
- Энэ талаар хүмүүс их буруу ойлголттой байдаг л даа. Та жишээ нь нэг эмнэлэг дээр очоод эмчлүүллээ. 6 сая гэж бодьё. Манайхаар зуучлуулаад эмнэлэгт эмчлүүллээ. Адилхан л 6 сая. Тэгтэл чинь ямар ялгаа байна уу гэхээр. Ерөөсөө л нөгөө хуулиа барьж үйл ажиллагаа явуулахдаа л байгаа юм. Гадаад өвчтөнд ингээд ирсэн бол арай үнэтэй хэлнэ. Зуучлах байгууллагаар ирсэн бол хямд хэлнэ гэсэн юм байхгүй. Зуучлагч байгууллагын хувьд бол өөрийн ашиг гэдэг юм уу урамшууллаа тухайн эмнэлэгтэй л тооцож ярихаас тухайн эмчлүүлэхээр ирж байгаа хувь хүн дээр ярих ёсгүй. Өвчтөнөөс ямар ч мөнгө илүү авах асуудал байхгүй. Магадгүй зөвшөөрөлгүй эмнэлэг хувиараа зуучлагч хоёр 3 саяын эмчилгээг 4 сая гээд мөнгөө нэмж хэлээд ашиг авсан байхыг хэлж мэдэх боломжгүй. Хяналтаас гадуур асуудал болоод явчих юм. Зөвшөөрөлтэй том эмнэлэгүүд бол хэзээ ч тийм хууль бус юм хийхгүй. Цаанаас маш хатуу хуулийн хяналт явж байгаа.
Ерөөсөө манай компани шиг албан ёсны зөвшөөрөлтэй газраар дамжуулж эмнэлэгт эмчлүүллээ гэхэд нутаг буцсаны дараа эмнэлэгтэйгээ холбогдоход ямарч хүндрэл төвөг учирахгүй. Хувиараа очсон байлаа гэж бодоход дараа нь тэр эмнэлэгтэйгээ холбоо барьж зөвлөгөө авна гэдэг бол түмэн асуудал. Тэр шинжилгээний хариу юмаа авах гээд хүн явуулаад нөгөө эмнэлэг нь өгөхгүй. Хувь хүний нууц гээд хөдлөхгүй. Эдний эмнэлгүүд тийм юман дээр маш хатуу.
Нэг хагалгаанд орсон хүн дараа нь 2 сар уух эмээ авья гэхэд эндээс хэн нэгнийг гуйна, яриулна. Нөгөө хүн шууд авч чадахгүй баахан итгэмлжлэл хийж өгөх болно гээд ажил чирэгдэл ихтэй. Манайх бол шууд е майл бичээд эмчээс нь олон улсын эмчилгээний төвөөр нь дамжуулж аваад тухайн хүндээ илгээчихэж байгаа. Энэ мэт ялгаанууд их байгаа.
За тэгвэл танай төвөөр орж ирээд бүтэлгүйтсэн гэдэг юмуу. Үйлчлүүлсэн хүн гомдолтой үлдсэн тохиолдол байх уу ?
- Яг эмчилгээний хувьд тийм гомдол санал гараад асуудал үүссэн юм бол байхгүй. Аа нэг тохиолдол бий. Маш муу, хүнд хүн ирээд нас барсан тохиолдол гарч байсан юм. Тэр хүний хувьд яахав эмнэлгийн буруутай ажиллагаанас болсон зүйл бол байхгүй. Бүх үйлчилгээ хийгдсэн. Хүн өнгөрсөн болохоор бидэнд хүнд туссан. Тухайн хүн маань анхнаасаа л материалаа манайд ирүүлэхэд эндэхийн эмнэлгийн зүгээс энэ хүн элэг солиулах шаардлагатай гэж байхад ар гэрийнхэн нь бас төдий л дуртай хүлээж аваагүй юм. Ер нь хүлээн зөвшөөрөхгүй байсан л даа. Монгол эмнэлэг тийм юм яриагүй байхад яагаад энэ эмнэлэг шууд элэг солино гэж яриад байгаа юм гээд. Тэгээд өвчтөн ирсэн. Ирээд ойлгомжтой бүх юмыг шинжилгээгээр харуулж байгаад тайлбарлаад элэг солиулахгүй бол энэ хүнд дараагийн шат гэж байхгүй ээ гэдгийг ойлгуулсан. Тэгээд яахав дээ. Ирсэн хойноо донороо хайгаад цаг нь ерөөсөө амжихгүй байсаар өвчтний биеийн байдал үнэхээр хүндэрсэн. Монголд байсан бол эх орондоо гэдэг утгаар арай өөр байх байсан болов уу. Гадаадад бол эрхтэн шилжүүлэх чинь олон улсын хууль дүрмээрээ явчихдаг. Цаг их ордог. Тэгээд донор хайгаад л. Тэгж ингэсээр байтал 20 хоног өнгөрөөд нөгөө хүн маань нас барсан л даа.
... Тэгж хүн нас барах ер нь хэцүү л юм билээ. Ар гэрийнхэнд маш хүнд тусдаг. Авч явах уу. Энд нь чандарлах уу гээд. Тийм асуудал олон гаргахгүй байхад анхаармаар юм билээ. Тэр хүн нас барснаас хойш бид их муудсан дордсон хүнийг авах эсэх талаар их ярилцдаг болсон л доо. Мэдээж болж л өгвөл аварья туслая гэж бодно. Гэхдээ үнэхээр оройтсон бол хэцүү юм билээ. .
Солонгост ирэх ч яахав ямар эмнэлэг сонгох вэ гэдэг том асуудал юм шиг байна. Тийм үү.
- Яг тийм. Сүүлийн үед манайд энд ирсэн хойноо асуудал үүслээ гэсэн хүмүүс их ханддаг болоод байна. Энд ирснээр бүх асуудал шийдэгдчихгүй байна л даа. Ямар өвчтэй хүн аль эмнэлэгт очвол нүдээ олсон зөв сонголт болох вэ гэдэг маш чухал. Тэр байтугай тэр эмнэлгийнхээ ямар эмч дээр очих вэ гэдэг ч цаг нь тулахаар нарийн сонголт болоод ирнэ. Тийм болохоор бид нар зөв сонголт хийхэд нь хүмүүст тусалмаар байна. Мөн энд байгаа ах дүү нар луугаа өвдсөн хүмүүс их хандаж байна. Тэд нар нь тодорхой мэдээлэл мэдлэгтэй байгаасай гэдэг үүднээс “Солонгост оршин суугаа Монголчууддаа зориулсан эмнэлэг танилцуулах үйл ажиллагаа”-г зохион байгуулсан. Та энэхүү үйл ажиллагаанд маань хүрэлцэн ирсэн байсан . Харсан байх.
Ер нь бол амжилттай эмчлүүлээд буцахын 50 хувь нь бараг эмнэлэгээ зөв сонгохоос хамаарч байгаа гэж болно доо. Энэ зөв сонголтыг хийхэд нь эндэх хүмүүс нь мэдээлэлтэй байх их чухал юм л даа. Нэг удаа 3 жил эндэхийн эмнэлгүүдээр явсан хэрнээ оношоо олж чадаагүй хүн ирсэн. Бүтэн 3 жил. Гэхдээ их нарийн өвчин байсан л даа. Тархи нугас гээд нарийн өвчин байх тусмаа зөв эмнэлэг дээрээ л очих ёстой.
Манайд тавьсан өвчний онош энд ирээд их зөрдөг гэж ярих юмаа.
- Алд дэлэм зөрөх юм байнаа байна. Огт тийм зүйл байхгүй гэвэл худлаа. Зөрөх юм байна. Би биеэрээ сонссон харсан хүний хувьд энийг хэлж байна. Нийт ирж байгаа өвчтөнүүдийн 20 орчим хувьд нь зөрүүтэй онош гарах зүйл байдаг. Энд бол манай эмч нарийн чадвар муу гэж хэлэх ёсгүй байх. Мэдээж маш олон хүчин зүйл байгаа. Ер нь бол манай эрүүл мэндийн систем гэх юм уу өрөө их хариуцлагагүй. Хариуцлагын асуудал байхгүй юм уу гэмээр. Хоёрдугаарт гэвэл дүрс оношлогооны зөрүү бас их байна л даа. Энд дуран оношилгоогоор мянга хувааж харж байхад Монголд маань 100 хувааж харж байх жишээтэй гээд харьцуулахаар бас асар зөрүү л дээ. Тэгэхээр энэ асуудлыг нэг хувь хүн эмчтэй яриад байх ч хэцүү юм. Солонгост эмч өвчтөнтэй харьцах бараг тусдаа хуультай. Бүгд нарийн хариуцлагын системтэй байгаа. Манай улс ер нь даатгалын системийг сайн хөгжүүлээд хувийн улсын гэхгүй төлбөр төлдөг болчихмоор. Тэгээд тэр мөнгөөр нь техник тоног төхөөрөмж оношилгоогоо сайжруулаад эхэлмээр гэж санагддаг юм. Би бүр сүүлдээ тэгж хошигнодог болсон хурдхан очиж Эрүүл мэндийн сайд л хийе тэгж байж л Солонгосын их сургуулын эмнэлэгийн дайны бүрэн тоног төхөөрөмжтэй өндөр түвшний ганц том эмнэлэг ч болов Монголдоо байгуулъя гэж /инээв/. Манайд нээрээ эмнэлэгийн үйлчилгээ хэцүү байх шиг байна. Бүгд дураараа. Нэг сайд гараад ирэхээр огцруулаад. Нэг бол шорон оронд орчлоо гээд. Нээрээ ...
Хэд хоногийн өмнө танайх Монгол иргэдтэйгээ уулзалт ярилцлага хийлээ. Тэнд харж байхад цаашдаа эмнэлгийн орчуулагч ажилтан чиглэлээр ажиллана гэсэн залуус нэлээн олон байсан. Эмнэлгийн орчуулагч гэж тусдаа нэг ажлын байр гараад байгаа ч юм шиг санагдсан.
- Энд бол анагаахын чиглэлийн мэргэжлийн орчуулагч ажиллана гэдэг бас хэцүү л дээ. Энэ олон газар байна. Тэр чиглэлээр сурч мэргэшдэг хүн чинь хэд билээ. Тэгээд тэр олон жил нарийн мэргэжлээр сурцан хүн энд нэг төв дээр орчуулга хийгээд явах уу гээд л. Энэ талаасаа бол анагаахын мэдлэгтэй орчуулагч байхгүй гэж болно. Ийм хүмүүс дутагдалтай байгаа юм.
Бид нар Монголоосоо нэг хүн авчирчихаад өөрсдөө эмчлээд байгаа биш шүү дээ. Хоёр хүний дунд зөв ойлгуулж орчуулах асуудал байгаа. Тийм болохоор орчуулагч маш өндөр түвшинд бэлтгэл хангасан байх хэрэгтэй юм л даа. Тухайн өвчтний туссан өвчний талаар судалсан мэдлэгтэй байхаас гадна хувь хүнийх нь талаар мэдээлэл сайтай болсон байх. Шууд гудманд яваа нэг хүнийг авчираад эмнэлэгийн орчуулга хийлгэвэл хэчнээн хэл сайтай ч анагаахын тогтсон үг хэллэгийг судлаагүй мэдэхгүй л бол хийж чадахгүй. Дандаа л өвчин ярих болно. Гэтэл нэг сургалтад суучихсан. Ерөнхий хэд хэдэн суурь өвчнийг мэдэх болсон. Гол гол үг хэллэгийг эзэмшсэн хүн байвал арай өөр болоод ирнэ. Тухайн өвчтөн болоод эмч хоёрын эмчилгээ үр дүнтэй болоход нөлөөлж чадна биз дээ. Өдөр тутам өвчтэй хүнтэй цуг ээмнэлэг дээр байж орчуулга хийдэг хүмүүс бол бусад орчуулагч нараасаа их өөр орчин ачаалалд байна л даа.
Нарийн онош үгийг ийм үгээр орлуулаад хэлчихье гэж болохгүй. Онош бол онош. Яг л зөв орчуулж нөгөө хүн бодит байдлыг зөв ойлгож сонголтоо хийх ёстой. Тухайн эмчилгээг зөвшөөрөх үгүй, өөр нэмж юу хүсч байгаагаа хэлэх хэрэгтэй. Тийм болохоор энд чинь цаг зориулсан бас их сэтгэл гаргадаг хүн байх ёстой болж байгаа юм.
Заримдаа эмнэлэг огт мэдэхгүй оюутан дагуулаад ирчихсэн байдаг. Хүүхэд чадлаараа л орчуулна. Гэхдээ хангалтгүй л байдаг л даа. Өвчтэй хүнд бол энд хамгийн чухал хүн орчуулагч. Хүний амь нас яригдаж байгаа шүү дээ тэнд чинь. Тэнд буруу орчуулга явагдвал ямар нөхцөл байдал үүсэхийг хэлж мэдэхгүй.
Би олон тохиолдол дээр анзаарч л байсан. Өмнө энд Солонгост ирж эмчлүүлсэн гээд хүн байж байна. Яваад очихоор өвчтөний ойлгож байгаа ойлголт нэг өөр. Эмчийн яриад байгаа зүйл бас өөр байх жишээний. Энэ эмч ингэж яриад байнаа. Та яагаад ингэж бодоод байна гэхээр өмнөх орчуулсан хүн маань ингэж ойлгуулсан шүү дээ гэдэг. Тэгээд үүнийг залруулах хэрэг болдог. Тэгээд ер нь яагаад ингэв гээд цааш лавлаад байхаар. Ерөөсөө орчуулагчгүй ирчихсэн. Тэгээд эмчтэйгээ ойлголцохгүй болохоор хэн нэг хүнийг ч юм уу, үзүүлээд явж байгаа хүнийг гуйгаад орчуулга хийлгүүлсэн байдаг. Тэр нь ямарч хүн таарсан байж болно. Аргагүй эрхэнд багцаалаад л хэлээд өгсөн байдаг. Тэгээд бүх зүйл буруудаж эхэлдэг. Нэг бол ах дүүгийнхээ нэг хүүхэд оюутныг гуйгаад авчирсан байдаг юм байна л даа. Би дээр хэлсэн дээ. Эмнэлэгт гэнэт нэг хүн тохиолдлоор орчуулга хийх бол маш хэцүү.
Тийм болохоор нэгэнт олон сая төгрөгөө зараад ирж байгаа хүмүүст зуучлуулж байгаа компаниа судлах, эмнэлэг сонголтоо зөв хийх, орчуулагч нь мэдлэгтэй найдвартай байх гэсэн асуудлуудыг маш их анхаарах хэрэгтэй.
За визний асуудал байнаа. Сая харж байхад танайд ч нэлээд хүн хандаж байх шиг байна. Виз сунгуулаад өгөөч ээ гээд л. Энэ талаар . Ер нь эмчилгээний виз сунгагддаггүй гэсэн асуудал байдаг юм шиг байна.
- Эмчилгээний виз ер нь бол сарын хугацаатай гарч байгаа л даа. Аль ч газраас мэдүүлсэн ялгаагүй. Гэхдээ эмчилгээний виз хоёр сараар сунгагдах боломжтой л байдаг юм билээ. Тэгэхээр яг эмчлүүлж байгаа хүний хувьд визээ сунгуулах бол асуудал байхгүй. Тэр эмч энэ хүнийг ямар хугацаагаар Солонгост байж эмчлүүлэхийг шийддэг. Визийг нь сунгуулдаг. Асуудал юу гэхээр. Нэг их эмчлүүлэх шаардлага байхгүй. Ерөнхий бүтэн биений шинжилгээ өгдөг ч юм уу. Тийм байдлаар ирсэн хүмүүс давхар бас ажил хийж байна л даа. Тэгээд цааш хэсэг байх гээд виз сунгаад өгөөч гээд их ханддаг л даа.
Бид нар чинь тэгээд яахав. Адилхан монгол хүн гээд зовлонг нь ойлгоод сунгуулж өгөх гээд явдаг. Манай хувьд бол хэлдэг. Солонгост бүх юм нарийн дүрэм журамтай. Та аль нэг өвдөж байгаа зүйл дээрээ оношилгоо шинжилгээ хийлгэвэл эмчээс дүгнэлт бичиг аваад бид нар зохих газарт нь хандаж хөөцөлдөнө.
Визийг сунгах сунгахгүй бол бид нар шийдэх асуудал биш гэж. Яахав зарим нэг хандсан хүмүүст тусалж байсан удаа бий л дээ. Монголоосоо энэ визээр гарч ирэхдээ л сайн мэдсэн байх хэрэгтэй юм. Орж ирсэн хойноо аргалнаа гээд ирдэг. Тийм амар биш.
Сүүлийн үед бол виз сунгах асуудал бол бүр хэцүү болж байгаа. 30-аас дээш насны хүнд бол ямар нэг өвчлөл байгаа. Тэгэхэд визээ сунгаж чадлаа гэхэд тэрийгээ эмчлүүлчихдэг бол бас болж байгаа юм. Тэгэхгүй. Манайхан чинь их буруу ойлголттой. Ах нь 300 мянган цаас л гаргана. Энэндээ визээ сунгуулна гээд байдаг. Тэгвэл болохгүй гэхээр их бухимддаг. Анхнаасаа манайхаар ирж байгаа хүмүүст бид эхнээс нь энийг хэлдэг. Өөр газраар орж ирээд манайхруу хандаад байгаа хүмүүс бас байна. Энэ бол буруу ойлголттой ирснээс болж байгаа гэж бодож байна. Виз сунгах амаргүй ажил шүү.
За одоо нэг асуудал. Эмчилгээгээр явчихья гэсэн хүмүүс барьцааны талаар их ярьж байна. Хэтэрхий их зүйл шаарддаг. Үл хөдлөхгүй нь тэгээд үхэх ёстой юм уу гэх зэргээр.
- Ерөөсөө энэ чинь их энгийн. Хуулийнхаа дагуу манайхтай адилхан зуучлалын газар өвчтөнөөс урьдчилж мөнгө авах ч хэрэггүй. Барьцаа авах нөхцөл ч хэрэггүй юм л даа.
Манайх бол эхний жилдээ ямарч барьцаагүй хүмүүсийг оруулаад авдаг байсан л даа. Хуулийнхаа дагуу бүрдүүлэлт хийгээд. Гэтэл энийг чинь бас амьдрал гэх юм уу. Хүмүүс бас өөрчлөх байдалд оруулж байна. Яагаад вэ гэхлээр эмчлүүлэхээр ирж байгаа хүмүүсийн виз нь энэ зөвшөөрөлтэй компаныхаа нэр дээр гардаг байхгүй юу. Өөрөөр хэлбэл виз хэтрүүлсэн, алга болсон асуудал үүсэхэд манайхтай л хариуцлага тоодцог. Хувь хүнтэй биш. Жишээлбэл оруулж ирсэн хүн нь харлах юм бол эдний эммегрэшн манай компанийн виз авах эрхийг тодорхой нөхцлөөр хаанаа ч гэдэг юм уу. Ингээд тодорхой хариуцлага орж ирнэ. Виз авах эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлачихна. Ингэхээр чинь ямарч компани ийм эрсдэл хүлээхийг хүсэхгүй.
Тэгээд хүнээ харлуулахгүй байх чинь нэг номерийн зорилго шахуу болоод ирдэг. Харлуулахгүй байх баталгаа юу гэхээр ерөөсөө мөнгө л болоод ирдэг. Мөнгө тэр бүр хүмүүст байхгүй. Тэгэхээр нөгөө эд хөрөнгийн барьцааны асуудал үүсдэг. Аргаа л барсан юм болж байгаа хэрэг л дээ. Нөгөө банкны тухай үг байдаг шиг. Зээл авах бол зээл авах шаардлагагүй гэдгээ харуул гэдэг шиг./ инээв /.
Манайд компанийн хувьд гэхэд анх орж ирсэн хүмүүсээс 3 хүн харласан. Тэгээд л эммегрэшнээс үйл ажиллагааг чинь зогсооно шүү гээд л хэчихэж байгаа юм. Тэгэхээр яахав. Барьцаа авах л хэрэгтэй болж байгаа юм. Энийг цаана нь мөнгөний төлөө бизнес болгочихсон газарч бас байгаа юм шиг билээ.
Гэхдээ манайх бас аймаар хатуу гэдэг юм уу. Заавал хүнийг боломжгүй баталгааг гарга гээд байдаггүй л дээ. Үнэхээр өвдсөн, ядарсан зүдэрсэн хүмүүст нь барьцаагүй өдөрт нь визийг нь авч өгөөд оруулж ирж эмчлүүлж байсан удаа бол зөндөө. Хүн үнэхээр хэцүү байдалд ороод байхад яаж барьцаа мөнгө нэхээд суух вэ. Өөрсөд дээрээ бол их л эрсдэл үүрсэн алхам л даа. Гэхдээ нөгөө хүмүүс маань зүгээр хугацаандаа явсан. Хүн бас итгээд сэтгэл гаргаж байхад зөрөөд бас хэлсэн ярьсандаа байдаг л даа манай Монголчууд.
Чи ер нь хэдэн жил энэ ажлыг хийж байгаа вэ ? Энэ ер нь тийм амар ажил биш юм шиг байнаа тэ?.
- Одоо хоёр жил болох гэж байна. Би энэ компанид ажилд орж ирснээр манайх Монголоос өвчтөн авч эмчлүүлж эхэлсэн.
Ийм компанид ажиллахаар ихэнх цаг эмнэлэг дээр өнгөрнө. Заримдаа нөгөө хүнээ дагаад эмч нартай хамт хагалгаанд цуг орно. Шөнө орой харина. Гэр бүлийн хүн маань анхандаа гайхаад ямар цаг наргүй ажил вэ гэдэг байсан. Одоо ойлгодог болсон. Нэгэнт итгээд ирсэн хэл мэдэхгүй өвчтэй хүнийг орхиод явчихаж чадахгүй. Заримдаа өөрөө ч бухимдмаар болдог.
Нэг өвчтөн уйлбал дагаж уйлаад инээвэл дагаж баярлаад явдаг байсан даа. Ер нь бол их сэтгэл шаардсан ажил. Манай ахаас ялгаа юу байхав. Эгчээс минь ялгаа юу байхав гээд. Хэчнээн хэцүү санагдлаа ч хажуугаар нь хүн чанар зулгаагаад.
Өвчтөнүүд маань үнэлж“өө сайн охин таарлаа. Бараг л чиний хүчинд бослоо” гэхээр сайхан урам өгөхөөр чинь би бас улам хичээгээд явдаг.
Энэ өвчтэй зовсон хүмүүст чинь эмч эмчилгээнээс гадна бас нэг зөв хандлага гэдэг юм уу, сэтгэлийн дэм их хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод эхэлсэн. Гэхдээ хүн бүр өөр. Ер нь их түүртэй ажил. Дандаа л өвчиний сэдвээр ярина. Голдуу л хагалгаанд орно. Хүнд хүнтэй өрөөнд өөрөө нэг хүнд хүнтэй байна. Ажлын цаг гэж байхгүй л болно. Өглөө шөнө хэзээ ч утасдаж ярина. Манай хүн эхлээд бухимддаг байснаа. Өө одоо тэгээд өвдсөн хүмүүс бараг гэр орноо зараад ирж байгаа юм чинь. Яахав дээ гэдэг л болсон.
Ийм ойлголт гэдэг юм уу, сэтгэл тийм амар төрөхгүй л дээ. За өнөөдөр нэг эмнэлэг дээр өнжөөд 50 мянгыг авчихья гэсэн хүнээс бол бас тийм сэтгэл энэ тэр гарахгүй байх. Бид нар чинь болохоор эхнээс нь тэр хүнийхээ өвчний түүх материалыг авч өгөхөөсөө эхлээд тэр хүний зовсон зүдэрсэн нь мэдрэгддэг. Яасан хэцүү юм бэ дээ гээд л. Өмнөөс нь сэтгэл өвдөөд уулздаг болохоор өөр л дөө. Тэгээд хүний нутагт бол тэр хүнд орчуулагчаас өөр хүн байхгүй болчихдог. Асран хамгаалагчтайгаа ирэх хүн ховор. Мөнгө төгрөгнөөс болоод ганцаараа л ирэх юм.
Бас их буянтай ажил юм даа.
- Дараад нь тэр хүмүүстэйгээ нээх сайхан ах дүү болдог. Тэгээд би бас аав ээж хоёртой их баярлаж явдаг юм. Манай хоёр чинь хөдөөний л нэг сайхан хүмүүс. Тэр хүнийг хуурчихья мэхлэе. 10 цаас илүү авчихья гэсэн юм байдаггүй хүмүүс байдаг даа. Тийм. Хөдөөний настнууд ямар байдаг билээ.
Энд зарим өвчтөнүүд маань орчин үеийн хүүхдэд байхгүй зан байдал чамд байна гэж үнэлэхээр нь урамшдаг. Би тийм байна гэж онгирохдоо биш. Ээж аав хоёртоо их баярладаг байхгүй юу. Хөдөөний гэрийн сайхан хүмүүжил нь үр хүүхдэд нь яг л тэр чигээрээ л буудаг юм байна гээд ээж аав хоёртоо их баярлаж байгаа. / инээв/
Тэгээд яахав. Энэ ажил маань нэг талаасаа их буянтай ажил юм. Ирсэн хүмүүс маань зорьсон хэргээ бүтээгээд эдгэрээд эрүүл болоод сайхан баяртай буцвал тэгээд сайхан сэтгэл өндөр үлддэг болсон.
Энэ утсаар яриад суугаад байгаа С олонгос хүн танай захирал уу
-Тийм манай захирал ........ Манай захирал өөрөө бас эмнэлгийн талын хүн. Тэр талаа дагаад энэ компаниа байгуулж ажиллаж эхэлсэн болов уу.
Танай компани тэгээд Монголоос ирье эмчлүүлье гэсэн хүмүүстэй яаж холбогдож байна.
Манайх руу шууд холбогдоно. Миний “Жи мобайлын утас”-ийн утас руу холбогдож болно. Мэйл хаягаар холбогдвол бүр сайн. Жи мобайл заримдаа сүлжээгүй болох асуудал их байдаг болохоор.
Утасны дугаараа манай уншигчидад үлдээх үү.
- 9831 6848 гэсэн дугаар. Мэйл хаяг: chimeg2021@naver.com
За цаг гаргаж хэрэгтэй мэдээлэл өгч ярилцсан чамд баярлалаа. Ажилд чинь амжилт хүсье.
Та бүхэнд ч баярлалаа.
Ярилцсан Д.Баяр Сөүл хот
СЭТГЭГДЭЛ БИЧИХ