Гэрлийн утас дагасан амьдрал

img

Эргэн санавал 2010 онд буюу Нийслэлийн 370 жилийн ойн өмнө амжиж лаатай айлуудыг цахилгаанд холбохыг нийслэлийн удирдлагууд холбогдох албаныханд үүрэгдэж байсан. Тэгвэл өнгөрсөн онд бид Нийслэлийнхээ 376 жилийн ойг тэмдэглээд байна. Төдийгөөс өдий хүртэл хэдий нь зургаан жил өнгөрч лаатай айл тэр бүр байхаа больж, гэрэл цахилгаантай болцгоожээ. Гэвч асуудал байна.

 

СХД-ийн XXIV хороо, Баруунсалааны нутаг дэвсгэр

 

 

СХД-ийн XXIV хороо, Баруун салааны Хустай орчимд цахилгааны шон замаа дагаад ганц нэгхэн байх. Хэдий тийм ч айлууд нь цахилгаан эрчим хүчээр хангагдаж. Хэрхэн цахилгаанд холбогдсон болсныг мэдэхэд хүнээс асуух шаардлага байсангүй. Машины зам хөндөлдүүлж, айлын хашаа дамнуулж татсан урт утаснууд хаа сайгүй. Эндхийн айлууд энд тэнд алаг цоог бууж, багадаа 500 метр холоос утас татан айлаас айл дамжуулж цахилгаан авчээ. “Аль нэгийг нь дагаад явахад айлд очих нь гарцаагүй байв. Содон цагаан утсыг дагаж алхсаар хашаагүй ил задгай газарт зэргэлдээ буусан гурван айлын баруун талын гэрт орлоо. 

 

 

Гэр пүн хийсэн дулаахан, охин нь тоглож ээждээ хов хэлнэ. Гэрийн эзэгтэйтэй гэрэл цахилгааны асуудлаа хэрхэн шийдсэн талаар цөөн хором ярилцлаа. Аз болж “Асууж шалгаалаа” гэж ундуйцсангүй. “Нүүж ирээд удаагүй, дөрвөн сар болж байна. Анх буугаад хамар хашааны айлдаа 50 мянган төгрөг өгч тог татсан. Одоо сар болгон 30 мянган төгрөг төлдөг” хэмээв.

 

500 метр утас татаж цахилгаантай болсон ч, гэрэлтэй байгаадаа олзуурхадаг гэнэ. Учир нь тэнд лаа барьж амьдардаг айл ч байдаг аж. Орой 18.00-21.00 цагийн хооронд цахилгааны хүчдэл муу байдаг аж. Энэ үеэр хоол хийхдээ, цайгаа хамтад нь залгавал тог тасрах аюултай. Цахилгаан авдаг айл нь хэрэв эзгүй байвал иртэл нь хүлээнэ, эсвэл хоолгүй хонох хоёр сонголттой аж. Гэрийн эзэгтэйгээр цахилгаан авсан айлыг заалгуулаад тэднийхээс гарлаа.

 

 

Цахилгааны утаснуудыг шороогоор булж нуугаагүйг харахад гэрлийн байцаагч нар зөвшөөрдөг бололтой юм. Гэвч осолтой харагдаж байлаа. Машин замыг, айлын хашааг, жалга, судгийг ч хөндлөн татсан, салаалсан урт утаснууд дундаа тасарсан, зарим газраа шалбарсан харагдав. Хэрэв утасны шалбархай дээр гишгэвэл цахилгаанд цохиулах ч эрсдэл бий аж. Урин цаг ирж удахгүй газар гэсч чийг өгнө. Энэ үед ийм газраар явах нь үнэхээр эрсдэлтэй санагдана. Томчуудаас илүү тоглож наадах багачуулд аюултай орчин энд үүсэх бололтой.

 

Энэ айлаас 5-6 айл тог авдаг юм байна. Өдрийн цагаар айл эзгүй байгаад уулзаж чадсангүй. Харин гудамжинд таарсан ахтай хэсэг хором ярилцлаа. Тэднийх мөн л холоос цахилгаан утсаа татсан гэнэ.

 

 

 

Д.Ариунболд: Төрөөс цахилгаан шийдэж өгнө л гэдэг

 

-Танайх энд удаж байна уу? Гэрэл цахилгааны асуудлаа хэрхэн шийдэж байна вэ?

-Манайх энд гурван жил болж байна. Цахилгаанаа тэнд байгаа /100 метр зайтай айлыг заав/ айлаас авдаг юм. Манай эндхийн айлууд ихэнх нь гэрэлтэй айлаас кабель татаж л тогтой болсон шүү дээ. Цахилгааны утсаа газраар татаад шороогоор булчихдаг юм. Яваад үзвэл ийм байдал Баруунсалаа, Зээлийн гудамж гээд эндхийн ихэнх хороололд түгээмэл. Нэг айлаас 5-6 айл тог авдаг учраас тогны хүчин чадал маш муу.

 

-Цахилгааны шон цөөн учраас ийм асуудал байна уу?

-Цахилгааны шон ховор болохоор айл айлаас тог дамжуулж татахаас өөр арга байхгүй юм. Төв замаа дагаад шон байдаг ч цөөхөн учраас замаас хол буусан айлд хүрэлцэхгүй байна.

 

-Холоос утас татахаар дундаа тасрахаас эхлээд асуудал байдаг биз?

-Тэгэлгүй яахав. Зам хөндөлдүүлж татсан утас хүн амьтны хөлөөр дундаа тасрах, богино холбоо үүсэх зэрэг асуудал гардаг юм. Шөнө оройн цагаар тэгээд тасарчихвал өвлийн хүйтэнд хөлдүү газар жоотуудахаас өөр аргагүй. Бас, нэг айлаас 5-6 айл тог авдаг болохоор өглөө орой, амралтын өдрөөр тогны хүчдэл их муу. Ер нь яриад байвал зовлон их л байна. Муугаар бодоход хашаа дагуулж татсан утас хоорондоо маслаж гал гарвал хашаа шатах ч аюул бий шүү дээ.

 

-Хороо, хэсгээс энэ асуудлыг шийдэж өгөх талаар ярих юм уу?

-Энэ жил сонгууль болно. Төрөөс тог цахилгааны асуудал шийдэж өгнө л  гэдэг юм.

 

 

Тєрийн байгууллагыг ажлаа хийх болов уу гэж их хүлээлээ

 

Нэрээ хэлж, зургаа авхуулахыг үл хүссэн хоёр хүн машины шороон замыг ухаж сууна. Учир нь гэр рүүгээ цахилгааны утас газраар дамжуулан оруулах гэж байгаа нь тэр аж. Тэд “Хагас жил тоггүй амьдарлаа. Бусдыг дуурайгаад л ийм юм хийж сууна. Тєрийн байгууллагыг ажлаа хийх байх гэж их хүлээлээ. Бүтэхгүй болохоор бид монголчлоод єєрсдєє цахилгаанаа татчихлаа. Ихэнх айл хулгайн аргаар цахилгаан авч байна. Төрөөс цахилгаан татаж өгсөн бол бид хөлдүү газар ухаад сууна гэж үү” хэмээн ундуйцангуй ярилаа.

 

 

.

 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ