ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж Цэцийг даргалах уу

УИХ-ын ээлжит бус чуулганы гуравдугаар сарын эхээр зарлан хуралдуулна гэсэн мэдээлэл Төрийн ордонд гараад удаж буй. Яг хэддэх өдөр зарлах нь тодорхой бус байгаа ч ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн цэцийн даргыг томилох, мөн тэтгэвэрт гарсан гишүүдийн орны хүмүүсийг томилох асуудлыг хэлэлцэх учиртай.

Энэ үйлдэл нь өөрөө хууль зөрчсөн учраас өнгөрөгч хоёрдугаар сарын эхээр УИХ ээлжит бусаар хуралдан Үндсэн хуулийн цэцийн даргыг огцруулсан. Тэгвэл эзэнгүй байгаа Цэцийн даргыг томилох асуудал олны анхаарлыг татаж буй юм. Саарал ордонд энэ суудалд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж суух нь гэсэн яриа гарсан ч эрхэм гишүүн түүнийг үгүйсгэсэн. Тэгвэл Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийг томилно гэсэн яриа байгаа юм. Үүнийг албаны эх сурвалжууд үгүйсгэхгүй байгаа. Харин түүний оронд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт очно гэсэн тохироо хөшигний цаана хийгдсэн бололтой.
Ж.Амарсанаа даргыг Улсын дээд шүүхээс санал оруулан сонгож байсан. Мөн огцруулахад ч Улсын дээд шүүх үүрэг гүйцэтгэсэн. Тэр ч утгаараа дээрх тохироо хөшигний цаана аль эрт хийгджээ хэмээн хардах хүмүүс олон байгаа юм. Мөн Цэцэд гавьяат хуульч н.Нарангэрэл очно гэсэн яриа ч гараад байгаа билээ.
Б.Эрхэс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ