Ойг эдийн засагжуулна

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг “Сайдын цаг”-т оролцож мэдээлэл хийлээ. Тэрбээр салбартаа хэрэгжсэн ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэв. БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг:
-Манай яамнаас хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр ажиллаж байна. Хог хаягдлын тухай хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн барина. Хогийг баялаг гэж харан, эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр ажиллаж байгаа. Мөн Ногоон хөгжлийн төлөвлөгөөг батлан гаргасан. Бид Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авсан. Одоо тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Өвлийн агаарын бохирдлыг даван туулах асуудал бэрхшээлтэй байсан. 5 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан. Үүнээр Хан-Уул дүүргийн орчимд коксжсон нүүрсийг туршсан. Мөн нийслэлийн захын дүүргийн зарим цэцэрлэгүүдийн цахилгааны үнийн дүнг төсвөөс гаргаж, нүүрс төлөх байдлыг эрс багасгасан.
Усны чиглэлээр томоохон ажил хийгдэж байна. Дэлхийн банкны санхүүжилтээр говийн бүсэд 110 цооног байршуулсан. Улаанбаатар хотын Туул голд усан сан барих чиглэлд санхүүжилт босгохоор хэлэлцэж байна.“Нүүдлийн аялал жуучлал ба тогтвортой хөгжил” олон улсын бага хурлыг АСЕМ-ын дараа хуралдуулна. Энэ хуралд Номхон далайгаас газар дундын тэнгис хүртэлх торгоны замын дагуух коридорт байдаг 33 улсын аялал жуучлалын сайд нар оролцоно. Энэ хавар ойг эдийн засагжуулна.
Энэ жил 32 мянган га-д ой цэвэрлэнэ, 1590 га-д улсын болон орон нутгийн төсвөөс моджуулах ажил хийнэ хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Агаарын бохирдлыг бууруулахын тулд ямар чиглэлд түлхүү ажиллах шаардлагатай вэ?
-Агаарын бохирдлын Үндэсний хороо гэж байдаг. Төсөвлөсөн 5 тэрбум төгрөгөөс 800 орчим сая төгрөгийг 7аймгийн төвд, үлдсэнийг нь Улаанбаатар хотод хуваарилсан. Цахилгааны тарифын үнийн зөрүүг төсвөөс өгөх ажлыг үргэлжлүүлсэн. Орон сууцжуулах асуудлыг илүү өргөн хүрээтэй явуулах хэрэгтэй. Ипотекийн зээлийн санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй юм. Иргэдийг орон сууцжуулахад төрийн дэмжлэг шаардлагатай. Өнгөрсөн жил 46 мянган айл оронсууцанд орсон гэсэн. Хэрвээ энэ хурдаар явах юм бол агаарын бохирдол 90 хувиар буурах магадлалтай юм. Оронсууцжуулах ажлыг амжилттай хэрэгжүүлвэл ойрын 4-5 жилд агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Нам даралтын 3200 зуух 118 мянган яндангаас агаарын бохирдлын 70-80 хувь нь гарч байна. Бусад нь Улаанбаатар хотын зам дээр гарч байгаа машинуудын нүүрстөрөгчийн хийн дутуу ислээс гарч байгаа.
-Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барих гэж байна гэсэн. Намын жагсаалтын 28 квотоос 6-г нь нийслэлтийн мандат дээр нэмэх асуудал яригдаж байгаа. Танай бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Засгийн газрын хуралдаан дээр Ш.Түвдэндорж гишүүн энэ талаар ярьсан байна лээ. Засгийн газраас санал асуусан юм билээ. Засгийн газар тухайлан өгөх саналгүй. Манай бүлэг энэ асуудлаар хуралдаж, байр сууриа гаргаагүй байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ