Олон жил машинаа унаагүй бол бүртгэлтэй эсэхийг нь шалгаарай

Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор тооцож авч байхаар болсон билээ. Өнгөрсөн хоёрдугаар сард хоёр болон долоогоор төгссөн жолооч нар албан татвараа төлсөн. Үүнтэй холбогдуулан авто тээврийн албан татварын талаар Нийслэлийн татварын газрын Тээврийн татварын хэлтсийн дарга М.Шижирбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ сард улсын дугаарын ямар тоогоор төгссөн машинтай жолооч нар татвараа төлөх ёстой вэ?
-2015 оны нэгдүгээр сарын 13-нд Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл даргын А/33 дугаар тоот захирамж гарсан. Энэхүү захирамжид ИТХ-ын 28 дугаар тогтоолд үндэслэн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч иргэний тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь тооцож татварт хамруулна гэж заасан байдаг. Тэгэхээр дугаарын хязгаарлалтаар машин гардаггүйтэй адил явагдана гэсэн үг. Тухайлбал, энэ сард гурав болон найм дугаараар төгссөн жолооч нар татвараа төлөх ёстой. Харин дөрөвдүгээр сард дөрөв болон ес дугаараар төгссөн жолооч нар татвар өгнө гэж ойлгох хэрэгтэй. Тавдугаар сард тав болон 0-ээр төгссөн дугаартай жолооч нар татвараа төлнө.
-Өнгөрсөн сард хичнээн жолооч татвараа төлсөн бэ. Татвараа төлөөгүй жолооч нарт ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Жолооч нар татвараа төлж байна. Авто тээврийн үндэсний төвийн албан ёсны тоогоор 17 мянга орчим жолооч татвар төлөх ёстой. Үүнээс одоогийн байдлаар 8000 орчим жолооч татвараа төлсөн байна. Энэ асуудалд замын цагдаагийн газартай хамтран ажиллаж байгаа. Хэрвээ тухайн жолооч татвараа төлөөгүй бол замын цагдаа нар зогсоож торгох, бичиг баримтыг нь хураан авах зэрэг арга хэмжээ авч байгаа. Тухайн жолоочийн бичиг баримтыг зогсоосон дүүргийнх нь татварын хэлтэст аваачиж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүрэгт явж байхад цагдаа зогсоогоод татвараа төлөөгүй байвал бичиг баримтыг нь хурааж Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст аваачиж өгнө гэсэн үг. Харин тухайн жолооч бичиг баримтаа авахдаа тэр дүүргээс л очиж авна. Харьяа дүүргээсээ авна гэсэн юм байхгүй. Ер нь манай татварын хэлтсийнхэн татвараа төлөөгүй жолооч нарт дүүрэг, орон нутгийн харьяалал харгалзахгүй үйлчилж байгаа.
-Сүүлийн дөрвөн жил, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй авто машиныг улсын бүртгэлээс хасахаар болсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Одоогийн байдлаар хичнээн машины улсын бүртгэлийн хассан байна вэ?
-Ер нь Монгол Улсад 700 мянга орчим машин бүртгэлтэй байдаг. Үүнээс идэвхтэй хөдөлгөөнд оролцдог нь 500 мянга байдаг л даа. Үлдсэн 200 мянгыг нь гадагшаа зарагдсан, эвдэрч хэмхэрсэн эсвэл дээр үеийн машинууд эзэлдэг. Тэгсэн хэрнээ дугаар нь улсад бүртгэлтэй яваад байдаг машинууд юм. Гааль, татвар, Авто тээврийн үндэсний төв, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран сүүлийн дөрвөн жил ямар ч оношилгоо, шинжилгээнд ороогүй, татвар төлөөгүй, замын камерт өртөөгүй машинуудыг улсын бүртгэлээс шууд хасахаар болсон. Одоогийн байдлаар 700 орчим машины дугаарыг улсын бүртгэлээс хассан байна.
-Хэрвээ хасах машины жагсаалтад тухайн хүний машин орсон байвал яаж машинаа хасуулах вэ. Заавал татвараа төлж байж хасуулах ёстой юм уу?
-Хэрвээ таны машин хасах машины бүртгэлд орсон бол улсын дугаарын гэрчилгээ, тухайн иргэний машинаа хасуулахыг хүссэн өргөдөл байхад л хангалттай. Бид машин нь хасуулах машины жагсаалтад орсон, өөрөө машинаа хасуулах хүсэлтэй байвал заавал татвараа төлж барагдуул гэж шаардахгүй байгаа. Зарим хүмүүс заавал татвараа төлөх ёстой гэсэн ойлголттой байна. Харин иргэн машинаа би хасуулахгүй гэж байгаа бол өөрийн биеэр ирээд татвараа төлөх шаардлагатай. Ингэснээр хасах машины жагсаалтаас өөрийн машинаа хасуулах боломжтой болно. Олон жил машинаа унаагүй бол хасах машины жагсаалтад орсон эсэхийг шүүлгэх хэрэгтэй.
-Татвар хурааж авах ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ. Хэдэн газар тээврийн хэрэгслийн албан татварыг авч байгаа вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Бид тээврийн хэрэгслийн албан татвар хураахтай холбогдуулан татвар хурааж авах газруудыг нэмсэн. Тухайлбал Дүнжингарав худалдааны төвийн төрийн үйлчилгээний нэгдсэн цэгт гэхэд л 10 байцаагч өглөө оройн ээлжээр ажиллаж байгаа. Нийт 20 байцаагч ажиллаж байна гэсэн үг. Дүүргээр нь үзвэл Баянзүрх дүүрэгт тус дүүргийн татварын хэлтэс болон техник үзлэг оношилгооны төв дэх татвар хураах, “Таван ган” компанийн байр буюу Чулуун овооны авто тээврийн үндэсний төвд хурааж байгаа. Мөн Сүхбаатар дүүрэгт АТҮТ-Циркийн баруун урд болон тус дүүргийн татварын хэлтэст жолооч нар татвараа төлөх боломжтой. Харин Чингэлтэй дүүрэгт мөн тус дүүргийн татварын хэлтэс, Нисдэг машин худалдааны төв дэх татварын хэлтэст татвараа хураалгах юм. Баянгол дүүргийн хувьд дүүргийн татварын хэлтэс болон техник үзлэгийн оношилгооны төв дэх татвар хураах цэгт татвараа өгч болно. Харин Хан-Уул дүүрэгт тус дүүргийн татварын хэлтэс, “Цэлмэг тэнгэр” хотхонд авч байгаа. Сонгинохайрхан дүүрэгт “Монгол Хюндэй” компанийн байр болон авто худалдааны цогцолборт тус тус байрлаж байгаа. Татвар хурааж авах цэг маш олон байгаа. Харин иргэд татвараа хугацаанд нь төлөх хэрэгтэй. Мөн сүүлийн дөрвөн жил буюу 2012-2015 онд машин нь оношилгоонд ороогүй, замын камерт өртөөгүй бол машинаа улсын бүртгэлээс хасуулах эсэхээ шийдэх хэрэгтэй. Гэхдээ тухайн иргэн өөрийн биеэр ирж уулзах нь чухал.
Эх сурвалж: www.mminfo.mn
Н.Батзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ