Галт зэвсгээ бүртгүүлэхгүй бол 80-250 мянгаар торгуулна

Иргэдийн гар дээр байгаа бүртгэлгүй бууг дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл бүртгэхийг албаны хүн хэлэв. Иймээс иргэд өөрт хадгалагдаж буй бүртгэлгүй галт зэвсгээ харьяа дүүрэг, орон нутгийн цагдаагийн хэлтэст аваачиж бүртгүүлэх хэрэгтэй. Энэ хугацаанд галт зэвсгээ бүртгүүлээгүй иргэнийг 80 мянга, аж ахуй нэгж байгууллагыг 250 мянган төгрөгөөр торгож, галт зэвсгийг хураан авах хуультай байна.
Харин галт зэвсгийн нөхөн тооллого өнөөдөр дуусна. Цагдаагийн байгууллагаас “Зэвсэг-2015” нэгдсэн арга хэмжээг өнгөрөгч оны 12 дугаар сард зохион байгуулсан. Энэ арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд 13989 ширхэг галт зэвсэг иргэн, хуулийн этгээдэд бүртгэлтэй байгаагаас 11785 ширхэг галт зэвсэг буюу 84.2 хувь нь тоологдож, 2204 ширхэг буюу 15.8 хувь нь тооллогод хамрагдаагүй аж.
Иймээс тооллогод хамрагдаагүй 2204 галт зэвсгийг нөхөн тоолох арга хэмжээг энэ оны хоёрдугаар сарын 19-нд эхэлж, 21 хоногийн хугацаатай үргэлжилж, өнөөдөр дуусах гэж байна. Иймд гал зэвсгээ тооллогод хамруулаагүй иргэд харьяа дүүрэг, орон нутгийн цагдаагийн хэлтэст хандаж, галт зэвсгээ бүртгүүлээрэй.
Галт зэвсгийн тухай шинэ хуульд сургууль, цэцэрлэг зэрэг байгууллагын манаач буу эзэмшдэг байсныг болиулсан. Тиймээс цагдаагийн байгууллагад хандаж, галт зэвсэг эзэмших чиглэлийг өөрчлөх, эсвэл устгалд оруулах шаардлагатай аж. Зөвхөн харуул хамгаалалтын эрх авсан аж ахуй нэгж байгууллага галт зэвсэг ашиглах эрхтэй юм байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ