Шүүгчид рүү дунд хуруугаа гаргажээ

Луганск мужид нэвтрүүлэг бэлдэж байсан орос сэтгүүлчдийн аминд хүрсэн хэмээн буруутгагдаад буй Украины нисгэгч Надя Савченкогийн шүүх хурал өчигдөр болжээ. Шүүхээс түүнийг буруутай хэмээн үзэж, хорих ялыг нь хэвээр үлдээсэн байна. Нисгэгч шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлэн “Кремлийн хүүхэлдэйнүүдийн жүжиг” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн шүүхийн шийдвэрийг уншиж байхад Украины төрийн дууллыг дуулж, шүүгчид рүү дунд хуруугаа гаргасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Надя “Би сайн санаж байна. Би хүний аминд хүрээгүй. Сэтгүүлчид босогчдын дайралтад өртөж амиа алдсан. Би сайн санаж байна” гэж хэлжээ.
Европын холбоо болон АНУ-ын Засгийн газар нисгэгчийг суллахыг шаардаж, албан бичгээ илгээгээд байна. Энэ асуудалд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Надя Савченко шүүхийн үеэр тун бүдүүлэг загнасан. Тэрбээр эсэргүүцлээ ийм маягаар илэрхийлэх нь буруу. Шүүх буруутай эсэхийг нь тогтоох болно” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ