“5 хувийн хүү”-г хэрэгжүүлэхээр банкууд гарын үсэг зурсан

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ "Сайдын цаг"-т оролцлоо. Тэрбээр ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгон бууруулсантай холбогдуулан мэдээлэл өгсөн юм.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ипотекийн зээл хэрэгжсэнээр 77 мянга орчим айл өрх орон сууцны зээлэнд хамрагджээ. Энэ нь нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулахаас эхлээд олон эерэг өөрчлөлтүүдийг авчирсан байна. Ипотекийн зээлийн төлбөрийн үр дүнд бий болсон үнэт цаасаар баталгаажсан мөнгөн хуримтлалыг төрөөс Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн хүрээнд эргэлтэд оруулж, зээлийн хүүг буулгах ажлыг эхлүүлж байгаа.
Төрөөс нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын сан дээр төвлөрүүлэх 10 гаруй их наяд төгрөгийн төлбөр байгаа аж. Уг төлбөрийн 30 орчим хувь буюу 3 их наяд төгрөгийг өнгөрсөн долоо хоногт тэтгэврийн даатгалын санд шилжүүлсэн байна. Ингэснээр 20 гаруй жилийн туршид бодит мөнгөн хуримтлал бий болж чадаагүй нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын санд албан ёсоор мөнгө байршжээ. Энэ мөнгөн хуримтлалыг ипотекийн зээлийг хүүг бууруулах замаар үргэлжлүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээнд зарцуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан.
Ингэснээр 2030 он хүртэл Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн дагуу уг сан ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг хариуцах үүрэгтэй байх юм. Энэ сангийн мөнгөн хуримтлал зөвхөн ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлээд зогсохгүй өөр бусад улс оронд ашигтай томоохон хөтөлбөрүүдэд зарцуулагдана гэдгийг салбарын сайд онцоллоо.
-Ипотекийн зээлийн хүүг 5 хувь руу оруулсан нь эдийн засагт улам эрсдэл авчирна гэж зарим эдийн засагчид үзэж байгаа. Үүнийг тайлбарлахгүй юу?
-Өнөөдөр өмнөх онуудтай харьцуулахад инфляци 2 хувьтай байна. Энэ нь бодлогын хүүг бууруулах тааламжтай орчин болж байна. Мөн гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх боломжтой. Тиймээс эхлээд шууд хөрөнгө оруулалтууд хараахан орж ирээгүй, улсын гүйцэтгэл 100 хувь гарч амжаагүй байгаа энэ үед 8 хувийг 5 руу шилжүүлэх үе шатыг хоёр хэсэгт ангилж байгаа юм. Эхний удаад алслагдсан дүүрэг, 21 аймагт баригдсан орон сууцны хөтөлбөрийг хамруулахаар тусгасан. Монголбанк, Сангийн яам, салбар яам, холбогдох мэргэжлийн байгууллагууд судалгаа хийж үзсэн. Ингээд “Хэрэгжих бүрэн боломжтой” гэж үзсэн учраас хамтарсан шийдвэр гаргаад байна. Дөнгөж сая Монголбанкны Ерөнхийлөгч, Засгийн газрыг төлөөлж миний бие, мөн арилжааны банкуудтай ипотекийн зээлийг үргэлжлүүлэх үйл ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
-Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дэх орон сууцны барилгуудыг хэзээ 5 хувь руу шилжүүлэх бол?
-Улсын төсвийн гүйцэтгэл 100 хувь гараад, Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирээд, хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэр шийдэгдээд эхлэх юм бол төвийн дүүргүүд дэх орон сууцыг таван хувь руу шилжинэ. Энэ онд багтааж шийдэх зорилт тавьж байна.
-Хүүхдийн мөнгө, халамжийн мөнгө хэвийн олгогдож байгаа юу?
-Хүүхдийн мөнгө цаг хугацаандаа олгогдож байна. Халамжийн сангийн тухайд одонтой ээжүүдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, ахмадын тэтгэвэр, нийтийн тээврийн зардал багтдаг. Эдгээр нь бүгд хэвийн олгогдож байна. Бусад халамжийн үйлчилгээ үзүүлж байгаа төсөв бол аймаг нийслэлийн Засаг даргын багцад байдаг учир орон нутгийн эх үүсвэрээс бүрддэг юм.
-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах уу?
-Тэтгэврийн зээлийг нийгмийн хамгааллын салбартай холбох шаардлагагүй. Энэ бол манайд хамаагүй. Хувь хүн өөрөө тэтгэврээ барьцаалаад, арилжааны банкнаас зээл авч байгаа асуудал. Тэрнээс манайд хамаарал байхгүй. Ер нь энэ бол сайн зээл биш. Бусад улс оронд энэ зээлийг хар зээл гэдэг. Тэтгэврийг эрсдэлд орсон хүмүүст өгч байгаа тэтгэмж юм. Гэтэл энэ тэтгэмжээ барьцаалаад зээл авахаар эрсдэлд орно. Тиймээс тэтгэврийн зээлийг төрөөс дэмжээд байх зөв бодлого биш. Нөгөө талдаа тэтгэврийн зээлийг зохицуулсан хуультай болох ёстой. Энэ хуулийн төсөл дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Зарим тохиолдолд тэтгэврийн зээл хүчирхийллийн асуудал болж хувирч байгаа жишээ байна. Учир нь тэтгэврийн зээл аваад юунд зарцуулж байгаа талаар судалгаа хийж үзсэн. Зээл авсан ахмадын 70 гаруй хувь нь өөртөө огт хамааралгүй зүйлд зарцуулдаг. Жишээ нь: машин, байшин, сургалтын төлбөр гэх мэт зүйлсэд зарцуулсан судалгаа байдаг. Энэ асуудлыг хуульчилж өгөх ёстой. Хоёрдугаарт арилжааны банкууд тэтгэврийн зээл олгохдоо шууд хүүгээ урьдчилаад авчихдаг. Гэтэл нөгөө хүний авч байгаа нийт мөнгөний 30-40 хувь нь хүүнд суутгагдчихдаг. Энэ нь зээл авч байгаа иргэдэд хохиролтой. Тиймээс тэтгэврийн зээлийг хуульчилж өгөхгүй бол нэлээд эрсдэл үүсэх магадлалтай байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ