Анкара дахин аюулд оров

Анкара хотноо дахин дэлбэрэлт болжээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Туркийн нийслэл Анкара хотноо дахин хүчтэй дэлбэрэлт боллоо. Дэлбэрэлтийн улмаас 35 хүн амиа алдаж, 125 хүн шархтжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны сайд Мехмет Муззиноглу “Эмнэлэгт хүргэгдэн ирсэн иргэдийн 19-ийнх нь биеийн байдал хүнд байгаа. Эмч нар шаардлагатай эмчилгээг хийж байна” гэж мэдэгджээ. Цагдаагийн газраас мэдээлснээр “Дэлбэрэлт өчигдөр 18.43 цагийн үед Анкарагийн төв гудамж Кызылайгийн талбай болон Гювен цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд болсон” гэв.
Кызылайгийн талбайн ойролцоо амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашины дэргэд амиа егүүтгэсэн бол Гювен цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэрчээ. Цагдаагийнхан амиа золиослогч этгээдийг ДНК-ийнх нь тусламжтай хэн болохыг нь тогтоохоор ажиллаж байна. Амиа золиослогч өөрийгөө егүүтгэсэн газрын ойролцоо Туркийн Дотоод хэргийн яам болон Улсын Дээд шүүх байрладаг гэнэ. Цагдаагийн байгууллагаас энэхүү халдлагыг хэт даврагчид эсвэл Курдын ажилчны намын дэмжигчид үйлдсэн байх магадлалтай хэмээн хэвлэлийнхэнд уламжилсан байна.
Халдлагын дараа эрх баригчид твиттер болон фэйсбүүк хуудас руу нэвтрэх эрхийг түр хязгаарлаж, буруу ташаа мэдээлэл цацахаас урьдчилан сэргийлжээ. Ерөнхий сайд Ахмет Давутоглу Засгийн газрын шуурхай хуралдааныг зарлаж, Анкарагийн халдлага үйлдсэн гэмт этгээдийг хурдан барихыг үүрэгдсэн байна.
Давутоглу “Халдлага үйлдсэн этгээд хариуцлагаа хүлээх болно” гэсэн бол Дотоод хэргийн сайд Эфкан Али “Тусгайгийнхан халдлага үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжиж эхэлсэн. Тун удахгүй халдагчид ил болно” гэж мэдэгджээ.
Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Бүс нутгийн тогтворгүй байдлын улмаас Турк улсад террорист халдлага байнга гарах боллоо. Энэ бүхэн бидний зоригийн мохоохгүй. Бид терроризмтэй тэмцэх тэмцлээ үргэлжлүүлэх болно. Харамсалтайгаар амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлье” гэсэн байна.
Халдлагын үеэр олон хүн эд материалын хохирол амсчээ. Дэлбэрэлтийн улмаас зогсоол дээр зогсч байсан 100 гаруй тээврийн хэрэгсэлийн цонх хагарсан аж.
Амиа алдагсдын тоог олон улсын хэвлэлүүд өөрсдийн эх сурвалжаас иш татан дамжуулж байгаа юм. Британийн “ВВС” агентлаг “Амиа алдагсдын тоог 32” гэсэн бол Америкийн “CNN” агентлаг “Халдлагаар 35 хүн амиа” гэж мэдээлжээ. Мөн Америкийн “NBS” телевиз “Дэлбэрэлтээр 31 хүн амиа алдаж, 126 хүн шархтсан” гэж дамжуулжээ. Тэгвэл Туркийн “The Hurriyet” сонины цахим сайт “Анкарагийн халдлагаар 34 хүн амиа алдаж, 125 хүн шархтсан. Энэ бол Туркийн Эрүүл мэндийн яамнаас өгсөн үнэн зөв мэдээлэл” хэмээн бичжээ.
Зургаан сарын дотор Туркийн нийслэл Анкара болон Истанбул хотноо дараалласан халдлага хэд хэдэн удаа гарлаа. Зөвхөн Анкара хотноо дараалласан гурван халдлага гарав.
Энэ оны хоёрдугаар сарын 17-нд Курдын ажилчны намын дэмжигчид Анкарагийн төвд халдлага үйлдэж, 30 хүн аминд хүрчээ. Харин Истанбул хотноо өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин амиа золиослож, 10 хүний аминд хүрсэн юм. Халдлагаар Германы есөн иргэн амиа алджээ. Анкара хотноо өнгөрсөн оны аравдугаар сарын 12-нд Үйлдвэрчний эвлэлийнхэн жагсаал зохион байгуулсаны улмаас 102 хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ