Б.Насанбаяр ажлаа өгөхөө мэдэгдэв

"Цензургүй сурвалжлага" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол дахь мүүний асуудлыг хөндсөн. Нийгмийн сүлжээнд багагүй хугацаанд яригдсан энэ асуудлаар сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн баг эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийж, олон нийтэд хүргэх гэсэн ч С1 телевиз эфирт гаргахаас татгалзсан. Мөн HD Монгол телевиз ч энэ нэвтрүүлгийг гаргах боломжгүй гэдгээ "Цензургүй сурвалжлага"-ын багт цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Энэ нэвтрүүлэгт нэр дурдагдаж, Монголд мүүний шашныг дэлгэрүүлэгч хэмээн олны шүүмжлэлийг хүртээд буй БСШУЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийв. Тэрбээр өмнө нь ч, тухайн нэвтрүүлэгт ч мүүнтэй холбоогүй гэдгээ мэдэгдэж байсан. Тэгвэл энэ удаа ажлаа өгч буйгаа сэтгүүлчдэд дуулгав. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр албан ёсоор өгнө гэдгээ мэдэгдээд, өөрийг нь мүүнтэй холбоотой хэмээн гүтгэж буй хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон иргэн Э.Цэрэндолгортой тэмцэнэ гэдгээ мэдэгдэв. Тэрбээр энэ асуудлаар хууль хяналтын байгууллага болон Тагнуулын ерөнхий газарт хандана гэв.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ