С.Тэмүүжин: Гурван алт, хоёр мөнгөн цомын баяр хийнэ

img

Манай улсын циркчид энэ сарын 4-8-ны өдөр Испани улсад болсон олон улсын циркчдийн тэмцээнд амжилттай оролцож алтан цом хүртжээ. Энэ талаар “Монголын үндэсний цирк”-ийн жүжигчин С.Тэмүүжингээс тодрууллаа.

 

-Юуны өмнө баяр хүргэе. Манай циркчид дахиад нэг алтан цомтой эх орондоо иржээ?

 

-Баярлалаа. Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Бид өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын Москва хотноо болсон “Идол” хэмээх олон улсын циркдийн тэмцээнээс мөнгөн цом хүртсэн. Түүний дараа энэ оны хоёрдугаар сарын 24-нд Испани улсад болсон “International Circus Festival in Figueres” буюу Олон улсын циркчдийн фестивалиас Т.Номуунбаатар ахлагчтай манай жүжигчид “Шидэх банзны үзүүлбэр”-ээр алтан цом хүртсэн. Мөн энэ сарын 4-8-ны өдөр ОХУ-д болсон олон улсын циркчдийн тэмцээнээс алтан цом хүртээд ирлээ.

 

-Манай шидэх банзнаас үсрэгчид дэлхийд өндрөөр үнэлэгддэг болж?

-Дүүжин даажин мэт модон савлуур дээр хоёр нь үсэрч, нөгөө нь агаарт эргэдэг. Маш том хариуцлага, багийн тоглолт шаарддаг төрөл. Энэхүү үзүүлбэрээр манай багийн ахлагч Т.Номуунбаатар агаарт зургаа эргэж дэлхийн циркийн рекордыг тогтоож өнгөрсөн жил Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан. Миний хувьд 2010 оноос хойш шидэх банзны төрлөөр хичээллэж, 6 жил бэлтгэж байгаа.

 

-Гурван алт, хоёр мөнгөн цомын баярын тоглолт зохион байгуулна гэсэн үү?

-Монголын Үндэсний Циркийн жүжигчид өнгөрсөн 6 сарын хугацаанд нийтдээ 5 цомыг олон улсын дээд зэрэглэлийн циркийн тэмцээнээс хүртээд байна. ОХУ-ын Идол тэмцээнээс мөнгөн цом, БНХАУ-ын Вучиао тэмцээнээс мөнгөн цом, Францын Масси тэмцээнээс алтан цом, Испанийн алтан цом, ОХУ-ын Ижевскийн тэмцээнээс алтан цом хүртээд байгаа. Энэхүү амжилтаа Монголын үзэгч, ард түмэнд тайлагнах үүднээс  3 алт, 2 мөнгөн цомын баярын шоу тоглолтоо энэ сарын 19-нд зохион байгуулахаар болсон.

 

-Монгол циркчдийн ур чадварыг олон улсад хэрхэн үнэлдэг вэ?

-Бид саяны алтан цом хүртсэн тэмцээнд “Нүүдэлчин Монгол” гэдэг шинэ тавилтаар шидэх банзнаас үсрэх үзүүлбэр үзүүлсэн юм. Тухайн тэмцээн эхэлснээс дуусах хүртэл Монгол жүжигчдийн авьяас чадвар, тоглолтын дэглэлтийн тухай олон улсын циркийн байгууллагын багш, ажиглагчид сайшааж магтаж байсан. Ур чадвар тэсвэр тэвчээрээ сорин өрсөлддөг наадмын дараа олон улсын тэмцээний шүүгчид суудлаасаа босч халуун алга ташилтаар баяр хүргэх явдал ч байдаг. Ер нь маш сайхан хүлээж авдаг. Бидэнд ч энэ байдал маш том урам болж өгдөг юм.

 

-Цаашдаа илүү хөгжихөд юу хэрэгтэй байна вэ?

-Хангамж талаасаа тусламж, дэмжлэг үзүүлэх юм бол бид илүү их амжилт гаргаж, ихийг хийж бүтээж магадгүй гэж бодож байна.

 

-Ингэхэд ямар учраас циркийн жүжигчин мэргэжлийг сонгосон бэ?

-Би 13 настайдаа циркид орж ирсэн. Анхлан циркийн мэргэжлийг сонирхоод л  шалгуулаад тэнцчихсэн юм.  2008 онд Циркийн сургуульд орж 2013 онд төгссөн. Түүнээс хойш циркийн ажилд хайртай болоод, гарч чадахгүй одоог хүртэл ажиллаж байна. Цирк хүнд эр зориг, тэсвэр тэвчээр, хад суулгадаг мэргэжил. Тийм учраас хүмүүс аливаа зүйлд донтдог шиг гарч чадахааргүй болдог юм.

 

Ярилцсанд баярлалаа.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ганаа:
манай улс чөлөөт бөхөөр явахаа байж дээ нэг хэсэг эмэгтэйчүүд нь эрээн рүү ганзагын наймаанд явсан одоо болохоор эмэгтэйчүүд нь барилддаг болоо шив дээ
2016-03-14