Манхаттен хотыг устгана гэжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун дотоод асуудалд нь оролцож, дайныг өдөөн турхирч буй АНУ-ын эрх баригчдад хандан мэдэгдэл хийсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тус улс өнгөрөгч долоо хоногт жижгэрүүлсэн цөмийн зэвсэгтэй болсноо олон улсад зарласан юм. Тэгвэл устөрөгчийн бөмбөг байршуулсан баллистик пуужингаар Манхаттен хотыг устгаж, үнсэн товрог болгоно хэмээн мөн заналхийлжээ.
Жижгэрүүлсэн цөмийн зэвсэг болон устөрөгчийн баллистик пуужин бүтээсэн гэгдээд буй цөмийн эрдэмтэн Чо Хён гэгч төв телевизээр өгсөн ярилцлагынхаа үеэр ийнхүү мэдэгдсэн байна.
Эрдэмтэн “Энэхүү цөмийн зэвсэг хуучнаар ЗХУ-ын бүтээсэн цөмийн зэвсгээс хэд дахин хүчтэй. Устөрөгчийн бөмбөгийг алсын тусгалтай пуужинд байршуулж чадвал Манхаттен хотыг бүрэн устгах болно” гэж мэдэгджээ.
Ийнхүү хойдууд дургүйцлээ илэрхийлж буй шалтгаан нь АНУ, Өмнөд Солонгосын хил орчимд пуужин эсэргүүцэгч төхөөрөмжөө байршуулах асуудлаас болжээ. Хоёр улсын эрх баригчид уг асуудлаар хэлэлцэж байна. Уг саналыг Орос болон БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар эсэргүүцэж буйгаа өчигдөр мэдэгдсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ