Л.Цог урвагч, Г.Шийлэгдамба арчаагүй авлигач

МАХН-ын Н.Энхбаяртай холбоотой авлигын асуудал өнөө ч дуусаагүй байна. Тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба болон УИХ-ын дэд дарга Л.Цог нараас Н.Энхбаяр мөнгө нэхсэн, түүнд болон намдаа өгөх зорилгоор бусдаас мөнгө авсан гэх мэдээлэл цацагдаж буй. Тэгвэл энэ талаар тус намын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянгаас тодруулаа.
-Г.Шийлэгдамбын намдаа санхүүжилт олох гэж авлига авсан, намынхаа өмнөөс хэрэг үүрч байгаа гэх мэдээлэл цацагдсан?
-Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Ерөнхий нарийн бичгийн дарга бол тухайн намын санхүүг бүхэлд нь хариуцдаг хүн. Тэр хүн хүссэн хүсээгүй ажлаа хуулийн дагуу хийх үүрэгтэй. Шийлэгдамбын хувьд хууль зөрчиж, ямар нэг үйлдэл хийчихээд тэрийгээ одоо нам руу чихэж байна гэж үзэж байна. Өөрөө авлига авч, баригдчихаарай намдаа өгөх гэж байсан гээд цэвэр үлдэх гэсэн аргаа ядсан хүний арга. Өнөөдөр бид харин ч хүн чанар гаргаж, журмын нөхөр минь байсан юм, бүдэрсэн дээр нь түлхээд яахав, хөөрхий минь, эвий минь гэж эсэргүүцэхгүй явахаар өөдөөс өшиглөж байна. Өөрийнхөө гэмт үйлдлийг нам, намын дарга руу чихэх гэж оролдож байгаа арчаагүй, муу авлигач. Энэ хүнтэй бидэнд ярих юм байхгүй.
-УИХ-ын дэд дарга Л.Цог саяхан телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Энхбаяр дарга надаас нэг сая доллар нэхсэн” хэмээн ярьсан. Энэ хэр үндэслэлтэй яриа вэ?
-Цог гэдэг хүн бол бас арчаагүй шантаажчин. 2012 оны сонгуулиар хэний дэмжлэгээр, яаж гарч ирсэн билээ. Өнөөдрийг хүртэл дандаа намынхаа эсрэг ажилладаг. Бүлгийн бүх шийдвэрийг эсэргүүцдэг.
Намын байрыг ав гэж анх шахсан хүн нь Цог. Нам байртай байх ёстой, миний танидаг хүмүүс энэ байрыг хмядхан зарах гээд байна гэж шахсаар байгаад зуучилж, авахуулсан хүн нь Цог дарга өөрөө. Гэрээний дараа эд нар хямдхан зарчихаж гэнэ, ахиад сая доллар өгчих гэж Энхбаяр даргаас сая доллар нэхсэн хүн нь Цог дарга. Үүнийг манай намынхан бүгд мэднэ, хурал дээр ярьж байсан асуудал.
Өнөөдөр АТГ-т хэрэг үүсгүүлээд, өөрийнхөө олж ирсэн байрынхаа өмнөөс Н.Энхбаяр даргыг залилангийн хэрэгт гүтгэж, гэрчийн мэдүүлэг өгөөд явж байгаа Цог бол урвагч. Ийм хогийн юм хийхээ болио, Цог даргаа гэж хэлье. Бид харин ч хүн чанар гаргаад Цог даргын талаар юм ярихгүй байгаа. Ийм урваж, шарвасан, хорлох гэж орж ирсэн хүмүүс олон байгаа.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ