Хилийн чанадад 59 иргэн хэрэгт холбогджээ

Гадаад хэргийн яамнаас зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал “Зөвшилцөл” танхимд боллоо. Хэвлэлийн хуралд тус яамны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин, Консулын газрын захирал Б.Болд нарын албаны хүмүүс оролцож сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Гуравдугаар сарын 2-4-ны өдрүүдэд НҮБ-ын хүний эрхийн 31 дүгээр чуулган Швейцарийн нийслэл Женев хотноо болж өндөрлөжээ. Монгол Улс НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн гишүүн орноор анх удаа сонгогдон ажиллаж байна. Энэхүү хариуцлагатай үүргийг хүлээж авснаас хойш анхны чуулганд Гадаад хэргийн сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Чуулганы үеэр Гадаад хэргийн сайд НҮБ-ын хүний эрхийн гишүүнээр ажиллах хугацаандаа анхаарч ажиллах, тэргүүлэх зорилтуудаа таницуулсан байна. Монгол улс жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн, хүүхдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах ажилд түлхүү анхаарч ажиллахаа мэдэгджээ. Мөн манай улс эрүүгийн хуулиндаа өөрчлөлт оруулсны дүнд цаазаар авах ялыг бүрэн хассан улсын нэг болсноо албан ёсоор мэдэгдсэн аж.
Чуулганы үеэр Гадаад хэргийн сайд С.Пүрэвсүрэн Польш улсын гадаад хэргийн сайдтай албан ёсны уулзалт хийсэн байна. Уулзалтын үеэр тус улсын Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээх шийдвэр гаргасан тухайгаа албан ёсоор мэдээлжээ.
Японы засгийн газар хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг өнгөрсөн долоо хоногт баталсан. Одоогоор хэлэлцээрийн үйл явц үргэлжилж байгаа аж. Монгол улс өөрийн эрхзүйн хүрээнд процетурыг Японы талд хүлээлгэн өгчээ. Удахгүй Японы талаас процетурыг манай улсад хүлээлгэн өгөх аж. Хоёр улсын парламент албан ёсоор соёрхон баталж, хүчинтэй болгосноор эдийн засгийн түншлэл албан ёсоор мөрдөгдөж эхлэх юм байна.
Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-42 улс орны визгүй зөрчих эрхийг манай улс цуцалсан. Үүнийг тухайн улс орнуудад мэдэгдсэн үү? Иргэд цуцлагдсаныг мэдэхгүй манай улсад ирэх гэж яваад асуудал үүссэн гэх мэдээлэл байна.
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, гадны хөрөнгө оруулагчдыг татах үүднээс 42 орныг визын шаардлагаас түр зуур буюу 2 жилийн хугацаатай чөлөөлөх шийдвэрийг 2 жилийн өмнө Засгийн газраас гарсан. Энэхүү шийдвэр дуусгавар болоод үйлчлэл нь зогссон. Үүнийг 42 оронтой визгүй зорчдог шйидвэрээ цуцаллаа гэдэг тийм өнцгөөс харж болохгүй юм. Уг хөтөлбөрөө цаашид үргэлжлүүлэхгүй болсон талаараа есдүгээр сараас эхлэн тухайн орны Засгийн газарт мэдэгдсэн. Тийм учраас иргэд өөрсдийн хайхрамжгүй байдлаас болж хүндрэлтэй учирсан байхыг үгүйсгэхгүй.
-Яагаад цуцалсан бэ? Дахин сэргээх үү?
-Хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнд манай улсыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлнэ гэж анх тооцож эхлүүлсэн. Гэтэл эдгээр улсыг визийн шаардлагаас чөлөөлсөнөөс хойшхи хоёр жилийн хугацаанд жуулчдын тоо 20 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Тэгэхээр үндсэн зорилгоо биелүүлж чадаагүй гэж үзсэн. Мөн эдгээр улсын Засгийн газраас манай улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх хандлага үүсээгүй учраас бид энэхүү шийдвэрийг цаашид сунгахгүй байх шийдвэрт хүрсэн.
-Өнгөрсөн долоо хоногт Монгол иргэд гадаад улсад гэмт хэрэгт холбогдсон мэдээлэл байна. Эдгээр иргэнд эрхзүйн туслалцаа үзүүлж эхэлсэн үү?
-Монгол Улсын 6 иргэн 30 орчим мянган ам.долларын гар утас, эд зүйл, бараа бүтээгдэхүүн хулгайлсан хэргээр саатуулагдсан хэрэг гарсан. Эдгээр иргэн гэмт хэрэг үйлдсэн нь камерын бичлэгээр баталгаажсан байгаа. Хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна. Мөн Монгол Улсын 4 иргэнийг 2015 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Японы цагдаагийн байгууллагаас орон байрны хулгайн хэрэгт сэжиглэн саатуулсан байгаа. Тэднийг өнгөрсөн оны сүүлээс эхлэн 10 гаруй ийм төрлийн хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэж хэргийг шалгаж байна. Мөрдөн байцаалтын явцад 3 иргэн нь хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин нэг иргэн нь хэргийг үйлдээгүй гэж мэдүүлсэн байгаа юм. Иргэдийн зүгээс манай улсын Элчин Сайдын яаманд өөрсдийн мэдээллийг хүргэхгүй байх хүсэлтийг Японы талд гарсан байгаа.
-Монголчууд гэмт хэрэгт холбогдох явдал ихэссэн үү?
-Сүүлийн үед хилийн чанадад амьдарч буй монголчууд гэмт хэрэгт холбогдох, ялангуяа хулгайн гэмт хэрэгт холбогдох явдал ихэсч байна. Он гарсаар нийт 59 иргэн гэмт хэрэгт холбогдсоноос 50 нь хулгайн гэмт хэрэгт холбогдоод байна. 59 иргэнээс дийлэнхи нь буюу 40 гаруй иргэн БНХАУ-д, Япон улсад 4, үлдсэн нь БНАСАУ-д үйлдэгдсэн байгаа юм. Өнгөрсөн оны хувьд 252 иргэн гэмт, хэрэгт холбогдон саатуулагдсан байдаг.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ