Зурагт хуудас хулгайлсан оюутан ял сонслоо

АНУ-ын иргэн, Виржиниагийн их сургуулийн оюутан 21 настай Отто Вармбиерийг улс төрийн суртал ухуулгын зурагт хуудсыг хулгайлсан хэмээн буруутгаж, Хойд Солонгосын цагдаагийнхан баривчилсан юм.
Хойдууд оюутан залууг өнгөрсөн нэгдүгээр сарын 2-нд баривчилсан билээ. Тэгвэл оюутан залуугийн шүүх хурал өчигдөр болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Шүүхээс Оттог буруутай хэмээн үзэж, 15 жилийн хорих ялаар шийтгэхээс гадна ял эдэлж байх хугацаандаа тусгай хөдөлмөрийн лагерьт албадан хөдөлмөр хийлгүүлэхээр шийдвэрлэжээ. “Оюутан залуу өнөөдрөөс эхлэн ялаа эдлэх болно” хэмээн “KCNA” агентлаг уламжлав.
Залуу шүүхийн үеэр өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдэж, буудаллаж байсан буудлын эзний ятгалгаар зурагт хуудас хулгайлсан гэжээ. Буудлын эзэн “АНУ-ын Охайо хотноо байрлах Виомин гэх сүм уг ухуулга хуудсыг худалдан авах санал гаргасан” гэж мэдэгдсэн байна.
Оттог зурагт хуудсыг авч чадвал буудлын эзэн түүнд 10 мянган ам.долларын үнэтэй автомашин өгнө гэж амлажээ. Оюутан залуу “Янгакдо” гэх зочид буудалд буудаллаж байсан бөгөөд цэргүүд тус буудлын эздийг баривчилсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ