ЭХ ОРОН ЭНДЭЭС ЭХЭЛНЭ
Алтан соёмбот төрийн далбаа цэлмэг хөх тэнгэрт намирч, Монгол Улсын Төрийн дуулал яруу төгөлдөр эгшиглэсээр эх орны, эр цэргийн энх өглөө эхэллээ. Энэ бол Хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит, Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах 032 дугаар анги. Ангийн жагсаалын талбайгаас бие бүрэлдэхүүний өглөөний нэгдэлт тарж, алба хаагчид ажил, бэлтгэл, хичээл сургалтдаа яарав. Эндээс бид цэрэг эрсийн нэг өдрийг сурвалжиллаа.
92 жилийн дайчин замналтай энэ ангийн түүхийн хуудсыг цухас сөхвөөс, 1921 оны гуравдугаар сарын 18-нд Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлсний дараа жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар хот, хүрээний эмх замбараагүй байдлыг цэгцлэх, үймээн самууныг зохицуулах зорилгоор Ардын журамт цэргийн түр комендант гэгчийг байгуулжээ. Улмаар 1924 онд Нийслэл хүрээний цэргийн комендант байгуулагдсан нь өнөөгийн Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн суурь болжээ. Тэгвэл өдгөө тус анги Монгол Улсын төрийн болон цэргийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцох, ёс журам сахиулах, харуул хамгаалалтын гэх гурамсан үүрэг гүйцэтгэж байна.
Хурандаа Л.Батболд захирагчтай Зэвсэгт хүчний 032 дугаар анги, цэргийн амьдралтай танилцах аялал Хүндэт харуулын тусгай ротын соёл, хүмүүжлийн зааварлагч Б.Оюу-Эрдэнэ хөтөчтэйгөөр тэдний ротоос эхэллээ. Ханандаа дүүрэн номтой номын тавиур, зурагт, буйдан, өдөр тутмын сонины “үдээс”, аквариумтай загас, бичил усан оргилуур гээд байхгүй юмгүй сэтгэлд дотно, дулаахан өрөө бол цэрэг эрсийн Соёл, амралтын танхим. Цаашилбал өндөрт залсан төрийн далбаа, удахгүй болох жагсаалд өмсөхөөр зэхсэн хүндэт харуулын цэргийн ёслолын хувцас, бүтээлгийн хээг хазайлгалгүй тун чиг нямбай хураасан ор, зулам угаасан шар модон шалтай тасгууд. Энэ цэрэг эрсийн гэр орон.
ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ АЛДАХ ЭРХГҮЙ АЛБА
Энэ ротын хүндэт харуулын цэргүүд өдөр 12:00 цагт эхлэх “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр үзүүлэх тоглолт бэлтгэлээ ангийн жагсаалын талбайд бэлтгэлээ хийж байлаа. Тэдний хэрхэн бэлтгэгдэж байгаа дүр өөдөөс нь харсан толинд тусах. Эгээтэй бүжгийн заалны ханыг санагдуулах жагсаалын талбайн эдгээр толь цэргүүд өөрсдийн алхаа, гишгээ, үйл хөдлөлөө хянахад томоохон “зөвлөгч” болдог аж.
Тэртээ 1955 оны 8 дугаар сарын 16-ны өдөр энэхүү ангид Хүндэт харуулын тусгай ротыг байгуулж, анхны захирагчаар нь хошууч Ж.Ёндонг томилж байж. Тэр цагт Хүндэт харуулын рот БНАГУ-ын Төрийн зөвлөлийн дарга Отта Гортвальдыг хүлээн авснаар төрийн ёслол хүндэтгэлийн түүхэн хуудсаа нээж байжээ.
Тэр цагт Хүндэт харуулын рот БНАГУ-ын Төрийн зөвлөлийн дарга Отта Гортвальдыг хүлээн авснаар төрийн ёслол хүндэтгэлийн түүхэн хуудсаа нээж байжээ.
Энэ тухай БХЯ-ны сайд сайд агсан, хурандаа генерал Ж.Ёндон “Энэ ёслолын үүргийг цэрэгт ирээд хоёрхон сар болсон шинэ дайчдаар гүйцэтгүүлсэн юм” хэмээн дурссан нь түүхийн шаргал хуудсанд мөнхөрчээ. Тийнхүү нээгдсэн түүхийн хуудас өдгөө хэдэн мянгаар нэмэгдэж, Хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн дайчид 2015 оны гуравдугаар сарын 18-нд 4000 дахь ёслолоо гүйцэтгэсэн юм. Ингэж тэд монгол цэргийн алдар, сүр жавхааг дуурсгаж явна.
Хүндэт харуулын тусгай ротын захирагч ахмад Ж.Баярцогт “Манай рот төрийн болон цэргийн ёслолын үүрэг гүйцэтгэдэг. Их хийморьлог алба. Гэхдээ хүнд, хариуцлагатай, эх орноо төлөөлөн үүрэг гүйцэтгэж байгаа учир алдах эрхгүй алба даа.
Манай цэргүүд тогтмол бэлтгэлтэй байдаг. Бэлтгэл манай цэргүүдэд хүнд санагдахгүй. Тамирчин хүн давтсаар дасаж, төгсөрдөг шиг цэргийн алба хаагчид ч дадаж, сурчихдаг” хэмээсэн. Төрийн хүндэт харуулын дарга тэрбээр ч торгон цэргийн хийморь, сүр жавхааг бахдан ярьж байсан юм.
Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 180 см-ээс дээш өндөр нуруутай, царайны зөв төрхтэй буюу өв тэгш бие хаатай, боловсрол мэдлэг дөнгүүртэй шигшигдсэн аавын хөвгүүд алба хаахаар ирдэг. Тэднээс цолгорсон нь хүндэт харуул болж Монгол Улсын төрийн далбааны бэлгэдэлт өнгийн ёслолын хувцас өмсөж, төрийн болон цэргийн ёслол гүйцэтгэнэ. Тэд Монгол төр, цэргийн бүх л ёслолын арга хэмжээнд оролцож, монгол цэрэг эрсийн сүр жавхааг илтгэнэ.
Монгол Улсын, монгол цэргийн нүүр царай болсон энэхүү ангийн хүндэт харуулууд ирэх долоодугаар сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ийн чуулга уулзалтад бэлтгэж байна.
ХАРУУЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУСГАЙ РОТООР
Олонх хүмүүс хүндэт харуулын анги гэдгээр нь харж, ойлгоод байдаг Зэвсэгт хүчний 032 дугаар анги нь Хүндэт харуулын тусгай ротоос гадна Улаанбаатар хүрээний цэргийн ангийн алба хаагчдын ёс журам сахиулах Цэргийн цагдаагийн тусгай рот, БХЯ, Зэвсэгт хүчний Жанжин штабын харуул хамгаалалтыг хариуцсан Харуул үйлчилгээний тусгай роттой билээ.
Харуул, үйлчилгээний тусгай ротын хичээлийн танхимд байлдагчдад цэргийн хамгаалалтын хичээл орж байлаа. Цэргүүдэд цэргийн эрдэм, үндсэн үүрэгтэй холбоотой сургалтыг байлдагчдад өдөр тутам заана. Цэргийн ногоон дүрэмт хувцсаар жигдэрсэн байлдагчид дэвтэртээ тэмдэглэл хөтөлж, макет ашиглан заах хичээлд шимтэн суралцаж байв. Байлдагчид энэхүү хичээлд шамдснаар харуулын үүргээ амжилттай гүйцэтгэх үндэс болох юм.
Тус ротын захирагч нь ахмад Г.Болдсайхан. Тэрбээр ангийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж буй тул Ангийн жижүүрийн байран дээр очиж түүнтэй уулзсан юм.
Тэрбээр “Харуул үйлчилгээний тусгай рот БХЯ, ЗХЖШ, өөрийн ангийн байрлалын харуул хамгаалалтыг 24 цагийн хугацаанд зохион байгуулдаг. Мөн шалган нэвтрүүлэх байруудад шалган нэвтрүүлэгчээр ажилладаг. Зарим тохиолдолд хүндэт харуулын тусгай ротод хүч нэмэгдүүлж төрийн ёслолын ажиллагаанд оролцдог. Хугацаат цэргийн алба хаагч болон офицер, ахлагчдын бүрэлдэхүүнтэй. Манай байнгын бүрэлдэхүүний 90 хувь нь энхийг сахиулах ажиллагаанд 2-3 удаа үүрэг гүйцэтгэсэн. Шинэ төгсөж ирсэн залуус маань Өмнөд судан болон Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байна” гэж цэргийн хүний зангаар товч, тодорхой танилцуулга хийв.
Эндээс гарахад бага үдийн нар зулай ээж, бэлтгэлийн түр завсарлагаар байлдагчид турник дээр элдэв дасгал хийж, хөгжилдөн инээлдэх нь “Амралтын хотхон”-ы зүгээс тодхон сонсогдох. Урин хавар иржээ. Тэдний зарим нь тун удахгүй халагдаж, цэргийн алба хааж, эх орноо батлан хамгаалсан эрчүүд, зарим нь хал цэрэг болно. Ингэж бодоход
...Одоо ингээд халагдана гэхээр
Оройн тоондоо жагсаад л баймаар
Хийморьтой тугандаа адислах өглөө
Хэзээ мөдгүй ойрхон байна... /“Халагдах цэргийн вальс” дуунаас/ дуу санаанд бууна. Бидний өөдөөс гарч ирсэн нэгэн байлдагчтай хөөрөлдөхөд нийслэлийн Сүхбаатар дүүргээс энэ ангид татагдаж ирсэн байлдагч М.Энхбулган байв. Удахгүй халагдах хал цэрэг “Цэргийн алба хааж Монгол эр хүн болж төрснийхөө үүргийг биелүүлж байна. Халагдаад үргэлжлүүлэн сурна. Хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хааж байгаадаа баяртай байдаг. Манай анги бол зэвсэгт хүчний нүүр царай болсон, нэр хүндтэй анги” хэмээсэн.
Ангиараа, цэргийн албаар, эх орноороо бахархсан сэтгэл байлдагч, алба хаагчдын нүдний харц, ярианы өнгөнөөс мэдэгдэнэ.
“МОНГОЛ ЦЭРГИЙН ЖАВХАА”, АСЕМ-Д БЭЛТГЭСЭН РОТ
Цэргийн цагдаагийн тусгай ротын хаалгаар ортол Улаанбаатар цэргийн хүрээний “Монгол цэргийн жавхаа” уламжлалт уралдаанд бэлтгэж ротын тохижилтоо сайжруулж байгаа алба хаагчид угтав. 032 дугаар анги энэхүү уралдаанд тогтмол амжилттай оролцдог билээ. Дээд давхарт гарахад ангийн офицер бүрэлдэхүүн цэргийн мэргэжлийн хичээлтэй байв.
Ротын захирагч ахмад Г.Энхбаяр биднийг угтаж, “манай Цэргийн цагдаагийн тусгай рот нь Улаанбаатар цэргийн хүрээнд ёс хэв журам сахиулдаг. Байнгын бүрэлдэхүүнтэй. Эргүүлүүд тодорхой маршрутын дагуу явж үүрэг гүйцтгэнэ. Энэ үндсэн үүргээс гадна цэргийн ёслолын хамгаалалт, тусгай бараа тээвэрлэхэд хамгаалалт зохион байгуулдаг юм” хэмээн ротынхоо талаар тайлбар, мэдээлэл өглөө.
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн түүх энэ роттой холбоотой. Учир нь 1924 онд Нийслэл хүрээний цэргийн комендант байгуулагдснаар энэ ангийн түүхэн замнал эхэлсэн билээ. Цэргийн цагдаагийн ротын алба хаагчид мөн АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад шалган нэвтрүүлэх, биет хамгаалалт, жолооч гэсэн гурван чиглэлээр хуваагдан бэлтгэгдэж байна. Тус ротын бүрэлдэхүүний 90 хувь нь олон улсын болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож Ирак, Серралион, Афганистан, Хойд, Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байжээ. Дөрвөн ажиллагаанд яваад ирсэн алба хаагч байгааг ч ротын захирагч нь онцолж байсан.
Энэ ротын алба хаагчид ингэж бэлтгэгджээ. Нарийн чанд дэглэм, дэг журамтай цэргийн алба хаагчдад цэргийн ёсыг сахиулах үүрэг тэднийх. Мөрдэст хувцас өмсөж, эх орондоо тангараг өргөсөн алба хаагчдыг алдаж, хазгай гишгэхээс сэргийлж, алдаж эндсэн нэгэнд арга хэмжээ тооцох үүрэгтэй цэргийн цагдаа нар.
Цэргийн алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, соёл хүмүүжлийн ажил явуулахад зориулсан ангийн соёлын төвийг сонирхлоо. Улаан хамбан бүрээстэй сандалтай том заал, билльяард, ширээний теннис, бялдаржуулах заал, номын сан гээд цэргийн алба хаагчид амралт, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх орчинг бүрдүүлжээ.
Эндээс гараад гал тогоог чиглэв. Улаан бүтээлэгтэй өндөр ширээнд цэргүүд тэгш тоогоор хуваагдан сууж, төмөр аягатай будаатай шөлөнд, зузаан зүссэн талх дүрэн идэнгээ, цэрэг сияан аяганд дүүргэсэн бор цайнаас оочлон ууна. Цэргүүд өдөрт гурван удаа дөрвөн төрлийн хоол иддэг аж. Мөн долоо хоногийн нэг өдөр цагаан хоолны өдөр байдаг гэнэ.
ТОРГОН ЦЭРГИЙН МОРЬДОД ӨВС ХҮРГЭЛЭЭ
Тэндээс жагсаалын талбай руу явж байхдаа ачааны машинд өвс ачиж байхтай таарч лавлатал хөтөч маань “Морьдын өвс ачиж байна” гэв. Энэ тухай сонирхоход тус ангийн Ар талын хангалтын тасгийн дарга, дэд хурандаа Д.Баасанням “Морьтон цэргүүдийн ёслолын үеэр унадаг морьдыг Хужирбулан дахь өвөлжөөн дээр манай адуучин малладаг. Морьдынхоо хаврын өвсийг ангийнхаа хашаанд нөөцөлснөөс ачуулж байна. Хавар болж байгалийн өвс тэжээл муудаж буй энэ үед морьдынхоо өвсийг явуулж байгаа нь энэ. Төрийн торгон цэргийн морьд жилийн дөрвөн улиралд тараг тэвээрэг алдахгүй байх ёстой” хэмээсэн юм.
Ангийн ар тал хангалтын тасаг нь зэвсэг, авто техник, эмнэлэг, хүнс, хувцас, шатахуун, орон сууц гээд цэргийн ангийн өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явах нөхцөл бололцоог хангаж ажилладаг аж.
КИНОНД ГАРДГААС ОНДОО ЮМ
Жин үдэд ангийн алба хаагчдын аранзны үзлэг болж том ногоон аранз, баг үүрсэн алба хаагчид ангийн жагсаалын талбайд цугларч, аранз задлав. 20-25 кг жинтэй аранз үүрсэн эрэгтэй, эмэгтэй алба хаагчид тун хурдан цуглаж, гэнэтийн үзлэгт ороод гялс тарж одлоо.
Үүний дараа ангийн жагсаалын талбайд хүүхдүүдийн инээд, шуугиант чимээ хэсэгтээ үрэлжлэв. Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр тус ангитай танилцахаар ирсэн нь энэ. Хүндэт харуулын цэргүүдийн үзүүлэх тоглолтыг алга ташиж, гайхаж, уухайлж үзсэн сурагчид Хүндэт харуулын үе үеийн хувцсыг өмссөн байлдагчдыг музейн үзмэр мэт сонирхож, тэдэнд зориулан бэлтгэсэн бяцхан үзэсгэлэн дээр овоорч, хөвгүүд охидгүй буу, сэлэм барьж, зарим нь “Энэ сэлэм тэгээд жинхэнэ юмуу” гэж асуун, хүндэт харуулын цэргүүдтэй анги, ангиараа зургаа татуулж байв. Сурагчид хүндэт харуулын цэргийн үзүүлэх тоглолтыг “Ёстой гоё байсан. Чадварлаг юмаа” гэж магтсан. Харин ангийн зарим зүйлийг кинонд гардгаас ондоо байгааг ярив.
Түм түжигнэж, бум бужигнасан их хотын дунд орших цэргийн ангийн хашаанд амар амгалан ноёрхов. Цагийн хуваарийн дагуу үүрэгт ажил өрнөж өнгөрөхөд, энх өглөөг зарлан мандсан урин цагийн наран баруун уулын цаагуур далдрахад багахан хугацаа үлдсэн байлаа.
Цэргүүд түр амс хийгээд бэлтгэлдээ гарна. Их удалгүй оройн тоондоо жагсаж, төрийн дууллаа эгшиглүүлэн, өглөө мандуулсан төрийн далбаагаа буулгана. Тэгээд зарим нь орон дээрээ, коридорын урт сандал дээр нэг хэсэг нь суугаад захны цагаан даавуугаа хадна. “Анх ирээд захны даавуу хадах хэцүү байсан. Гэхдээ одоо дажгүй сурчихсан” гэж ХААИС-д сурч байгаад цэргийн алба хаахаар ирсэн Булган аймгийн Рашаант сумын харьяат 032 дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротын байлдагч Б.Тулга ярьсан. 2015 оны хоёрдугаар ээлжээр татагдаж ирсэн тэрбээр жагсаалд алхахдаа монгол цэргээрээ бахархдаг. Өөрөө дурлаж ирсэн болохоор цэрэгт сайхан байгаагаа ч хэлсэн. Энд түүн шиг бодолтой цэргүүд олон бий. Бас их, дээд сургуульд сурч байгаад, коллеж төгсөөд цэргийн алба хаахыг зорьсон залуус энэ ангид цөөнгүй байсан юм.
...Шиврээ бороотой намрын өдөр
Шинелийн товчиндоо алтан соёмботой
Шинэхэн цэрэг би чинь тангараг өргөлөө... / “Уйдах завгүй цэргийн цаг хугацаа” дуунаас/ энх цагийн сайханд эх орноо батлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэсэн цэрэг эрсийн нэг өдөр, нэг жилийн хугацаа уйдах завгүй өнгөрч, эхний ээлж халагдаж, дараагийнх ирсээр цэргийн амьдрал үргэлжилнэ.
Туг сүлдтэйгээ ойрхон хүндэт харуулын ёслолын хувцасны өнгөнөөс, эх орноо зүрхэндээ мэдэрч төлөвших эр цэргийн шинелийн соёмбот алтан товчноос, “Монгол Улсын төлөө зүтгэе” хэмээх эрхэм тангарагаас, байлдагчийн бахархлаас, цэрэг эрсийн жагсаалын дуунаас, алтан соёмбот далбаа намируулж угтдаг энх өглөөнөөс, амгалан үдшийг үддэг эгшиглэнт төрийн дууллаас эх орон эхэлдэг ажээ. Тиймээ. Эх орон эндээс эхэлдэг.
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ