“Дархан хил-Олимп” галт бамбар 8252 км аялаад ирлээ
“Рио-2016” олимпийн “Дархан хил-Олимп” галт бамбар Монгол Улсын дархан хилийн шугамын дагуу хилийн бүх харуул, заставаар аялаад өчигдөр Улаанбаатар цэргийн хүрээний Хилийн 0303 дугаар тусгай салбарт ирлээ.
2014 оны зургаадугаар сарын 23 буюу олимпийн өдрөөс өртөөлөн гарсан “Дархан хил-Олимп” галт бамбар 8252 км замыг туулан улсын хилийн дагуу аялаад ирж буй нь энэ. “Рио-2016” олимпийн галт бамбар өртөөлөн очсон отряд, застав, харуул нэгж бүрээр аялж, хилчдийн дунд биеийн тамир спортыг хөгжүүлэх, олимпизмийг сурталчилах үйл ажиллагааг зохион байгуулсаар иржээ.
“Дархан хил-Олимп” галт бамбарыг Хилийн 0303 дугаар тусгай ангид дамжуулсан Хилийн 0252 дугаар инженер техникийн тусгай ангийн штабын дарга, дэд хурандаа Д.Түвшинцэнгэл “Рио-2016 оны зуны олимпийн их наадмын бамбар Монгол Улсын дархан хилийг тойрч бүх анги, заставаар аялалаа.
Энэхүү арга хэмжээнд манай нийт хилчид идэвхтэй оролцож байна. Манай анги бамбар хүлээн авсан долоо хоногийн Багануур хотын хэмжээнд спорт, олимпийг сурталчилах ажлыг зохион байгуулж явууллаа. Дүүргийн төрийн болон бусад байгууллагын дунд гар бөмбөгийн тэмцээн, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд буудлага, боулинг, ширээний теннисийн тэмцээн явуулсан” гээд уг арга хэмжээ нь ач холбогдол сайтай болсныг онцолсон юм.
“Дархан хил-Олимп” галт бамбар дамжуулах арга хэмжээнд ХХЕГ-ын Хилчин спорт хорооны болон галт бамбар дамжуулж буй анги, хүлээн авч буй салбарын тамирчид, хилийн анги, салбарын удирдлагууд оролцлоо.
Хилийн 0303 дугаар тусгай салбарын захирагч, хурандаа Д.Ганхуяг “Олон хилчдийн сайхан энерги шингэсэн “Дархан хил-Олимп” бамбарыг хүлээн авч буйдаа баяртай байна.
Энэхүү арга хэмжээ нь хилчдийн, нийтийн спортыг хөгжүүлэх, олимпизмийг сурталчилахад өндөр ач холбогдолтой юм. Энэ бамбар манай ангид байх хугацаанд таван төрлийн спортын тэмцээн зохион байгуулна.
Налайх цэргийн хүрээнд марш тактикийн тэмцээнийг зохион байгуулсан. Гардан тулаан, ширээний теннис, буудлага, шатар, гурван төрөлт тэмцээнийг явуулахаар төлөвлөсөн” гэв.
Хилийн 0303 дугаар тусгай салбар “Дархан хил-Олимп” галт бамбарыг хилийн 0218 дугаар ангид хүлээлгэн өгөх аж.
ХХЕГ-ын Хилчин спорт хорооны дөрвөн тамирчин Рио-2016 олимпийн эрх аваад байгаа билээ.
“Манай тамирчдаас жүдогийн төрөлд хоёр, чөлөөт бөх, марафон төрөлд тус бүр нэг тамирчин олимпийн эрх аваад байна. Бусад тамирчин маань олимпийн эрх авахын төлөө тэмцээн уралдаандаа оролцоод, бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байна” гэж ярилаа.
“Рио-2016” зуны олимпийн “Дархан хил-Олимп” галт бамбар олимпийн өдөр буюу ирэх зургаадугаар сарын 23-ныг хүртэл Улаанбаатар цэргийн хүрээний хилийн ангиар аялах юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ