Гэрээт хилчин болох хүсэлтэй залуус нэмэгджээ
2016-03-17

Хил хамгаалах байгууллага 2007 оноос эхлэн “Гэрээт хилчин гэрэлтэй ирээдүй” уриан доор цэргийн жинхэнэ албыг хаасан, мөн найман сараас доошгүй хугацаагаар алба хааж байгаа байлдагч, түрүүчийг хоёр жилийн хугацаатай гэрээт хилчний албанд мэргэшүүлэн улмаар улсын хил хамгаалалтад бие даалган оролцуулж ирсэн билээ. 

 

Тэгвэл өчигдөр Хил хамгаалах ерөнхий газарт 2016 оны эхний ээлжийн гэрээт цэргийн сонгон шалгаруулалт явагдлаа. Нийт 200 гаруй залуус бүртгүүлснээс Хил хамгаалах байгууллага 150 орчмыг нь сонгон шалгаруулж авах юм. 

 

Сонгон шалгаруулалтыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг болон социологийн судалгаа гэсэн хоёр шалгаруулалтаар дүгнэж байгаа аж. Одоогийн байдлаар Хил хамгаалах байгууллагын 40 гаруй салбарт гэрээт хилчдээр хил хамгаалалтыг зохион байгуулж байгаа аж. Хил хамгаалах байгууллагад гэрээтийн энэхүү орон тоо бий болсноос хойш цэргийн алба хаах сонирхолтой залуусын тоо ихэссэн гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

 

Гэрээт хилчний алба бий болсон эхний  жилүүдэд гэрээт хилчний орон тоо гүйцдэггүй байсан бол сүүлийн гурван жилд гэрээт хилчин болох залуусын тоо эрс нэмэгдсэн байна. Энэ нь нэг талаасаа эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс үүдэн залууст ажлын байр хомс байгаатай холбон тайлбарлаж болох юм. Залуус гэрээт хилчин болсноор хоёр жилийн хугацаанд сард 500 гаруй мянган төгрөгийн цалин авч сар тутам цалингаасаа тодорхой хэмжээний мөнгийг дансанд байршуулж хуримтлал үүсгэдэг. Үүнээс гадна гэрээт цэргийн алба хаасан залуусыг бодлогоор дэмжиж ахлагчийн бүрэлдэхүүнд шилжүүлж ажлын байраар хангах, цаашлаад дотоодын болон гадаадын хилийн сургуульд элсэн суралцах боломж бүрэн нээлттэй болдогоороо давуу талтай юм.  

 

Энэ жилээс эхлэн гадаадын болон дотоодын сургуульд явсан гэрээт хилчдийн төлөөл төгсөн офицерийн эгнээнд орж байгаа аж. Гэрээт хилчний алба бий болсон цагаас хойш 500 гаруй залуус гэрээтээс ахлагчийн эгнээнд шилжин Хил хамгаалах байгууллагын үндсэн бие бүрэлдэхүүн болон ажиллаж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин