Засаг дахин дэнжигнэх үү

Эрүүл мэнд, спортын яам он дамнан сайдгүй, удирдлагагүй явж байна. Засгийн газарт хамтарсан хүчнүүд ЭМС-ын сайдыг томилох асуудалд зөвшилцөж чадаагүйгээс эзэнгүй айл адил явж ирлээ. Хэдийгээр үүрэг гүйцэтгэгч томилсон ч хариуцлага хэнд тооцох вэ. Нэгэнтэй сайд томилогдоогүйгээс олон ажил гацаж, хүлээгдэж байгаа. Наанадаж улаанбурхан халдвар өвчин дэгдэж, хүний амь эрсэдлээ. Энэ нөхцөлд Засгийн газрын гишүүнээ томилж чадаагүй Ерөнхий сайд долоо хоногийн “Шийдлийн цаг”-аараа хэлэлцэж, холбогдох хүмүүст нь үүрэг өгч. 2011 оноос улсын хэмжээнд нэг ч бүртгэгдээгүй байсан энэ өвчин гуравдугаар сараас дэгдсэн нь эрүүл мэндийн салбар эзэнгүй байгаатай холбоотой. Улс төрийн шалтгаанаар сайдаа томилж чадаагүйгээс хүний амь нас эрсэдсэн хариуцлагыг хэнтэй тооцох вэ. Ямартай ч улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, хариу арга хэмжээний зардалд 948.3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэж, 18-30 насныхныг вакцинд хамруулах ажлыг орон даяар кампанит ажил болгон зохион байгуулахыг үүрэг болгожээ.
Эрүүл мэндийн дэд сайд асан Т.Болдбаатар цахим хаягтаа Ерөнхий сайдад хандсан үг дайсан байна лээ. Тэрбээр “Ерөнхий сайд Сайханбилэг танд: 2015.11.04-нд Эрүүл мэнд, спортын салбар сайдгүй болсноос хойш 4 сар гаран хугацаа өнгөрлөө. Одоо болтол сайд томилдоггүй цаашид ч томилох шинж алга, сонгууль болоход 3 сар гаран үлдлээ. Эрүүл мэндийн салбарт олон асуудал шийдлээ хүлээн гацаж байна. Зөвхөн ганцыг нь дурьдахад улаанбурхан халдварт өвчин тархлаа. Өнөөдрийн мэдээгээр сэжигтэй тохиолдол 9383, өвчилсөн 1890 хүн, нас баралтын түвшин 0.2 хувь гэнэ. 0.2 хувь гэдэг хэдэн хүн нас барлаа гэсэн үг вэ, хүний аминаас үнэтэй сайдын томилгоо юу? Спортын салбар овоо гайгүй явж байсан, одоо бас спортын холбоод нь хоорондоо хэрэлдээд эхэллээ. Энэ зун хүн төрөлхтний эв нэгдлийн билэг тэмдэг болсон их спортын олимп болно. Монгол улс дэлхийд эдийн засаг, зэр зэвсэг, хөгжил, хүн амын тоогоороо гайхуулах юм байхгүй. Зөвхөн хэдэн тамирчдынхаа хүчээр л Монголоо дэлхийд сурталчилна. Гэвч сайдгүй спортын салбар олимпод ямар амжилт гаргах бол... Яаралтай энэ салбарын сайдыг томилохыг хүсье! Энэ салбарт 1 жил орчим дэд сайд хийж, зовлон жаргалыг нь хуваалцсан болохоор дуугүй байж, сэтгэл тэвчихгүйнээ. !дэд сайд асан Т.Болдбаатар” хэмээн жиргэжээ.
Мэдээлэл, харилцаа холбооны даргаар ажиллаж байсан хэдий ч олон нийтийн сүлжээг ашиглаад байдаггүй хэмээдэг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүний жиргээг өөрөө олж хараагүй ч хажуу хавийнх нь хүмүүс дуулгасан байх гэж найдна. Засгийн газарт хамтарч байгаа улс төрийн хүчин, эвсэлд хүлээцтэй хандсан нь хүнийхээ амийг алдахад хүргэж байгааг Ерөнхий сайд ухаарсан биз.
Ямартай ч ирэх хаврын чуулган хуралдахад Эрүүл мэнд, спортын сайдын асуудлыг Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу Ерөнхий сайдын хувьд оруулж шийдүүлнэ гэдгээ мэдэгдсэн байсан.
Цаашлаад иргэдийн эрүүл, амьд явах эрхэнд нь халдан байж хамтрах хэрэг байна уу, улс төрийн хүчнүүд. Засгийн газарт ойлголцож, нэг баг болон ажиллаж чадахгүй улс төрийн хүчнүүд хамтарсан гэрээгээ цуцлах асуудал ч сөхөгдсөн сураг дуулдана лээ.
Сонгууль дөхсөн гэлтгүй хаврын чуулганаар ч Засгийн асуудал дахин сөхөгдөх бололтой.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ