ЦЕГ болон Р.Чингисийн нэр хүндийг гутаах оролдлого хийлээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар “Шинэ төмөр зам” төслийн асуудлаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээлэл хийх үеэрээ “Хоёрдугаар сарын 24-ны өдөр “Энержи ресурс Рейл” компанийн захирал Л.Оюунбатыг эл хэрэгт холбоотой хэмээн үзэж, баривчилж саатуулсан. Гэтэл цагдаагийн удирдлагууд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зорчиж маргааш өдөр нь очиж сулласан. Тиймээс ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгах шаардлагатай” хэмээсэн юм. Үүнд Цагдаагийн байгууллагаас хариу тайлбарыг өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар баримт нотолгоогүй мэдээллийг олон нийтэд хүргэж байгууллагын нэр хүндийг гутаах оролдлого хийсэн. Цагдаагийн байгууллагаас “Шинэ төмөр зам”-тай холбоотой асуудлаар “Энержи ресурс Рейл” компанийн захирлыг тусгаарлан саатуулж шалгах шаардлага байсан тул баривчлах арга хэмжээ авч, мөрдөн байцаалт, мэдүүлэг авсан. Шалгалтын явцад түүнийг үргэлжлүүлэн барьж, хорих шаардлагагүй гэж мөрдөн байцаагч үзсэний үндсэн дээр ажлын хэсгээс батлан даалтад өгч, таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Одоогоор мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байна. Гэтэл Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар ЦЕГ-ын дарга Р.Чингис үгсэн хуйвалдаж Л.Оюунбатыг хууль бусаар сулласан гэх баримт нотолгоогүй, өөрийн таамагласан зүйлээ үнэн бодит мэтээр олон нийтэд ойлгуулахыг зорьсон. Энэ нь хувь хүнийг болон байгууллагын нэр хүндийг гутаах оролдлого гэж цагдаагийн байгууллагаас үзэж байна. Цаашид энэ мэт хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг албан ёсоор анхааруулж байна. Хэрэв хувь хүн болон байгууллагын нэр хүндийг гутаах зорилготой энэ мэт үйлдэл гаргасан тохиолдолд Монгол Улсын хуулийн дагуу буруутай эдгээдэд хариуцлага тооцно гэдгийг мэдэгдэж байна” хэмээв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ