Эвсэх хүсэл, тохироонд хясал

img

 

Намууд эвсэх, үл эвсэх асуудал нээлттэй мэтгэлцээн мэт л үргэлжилсээр байна. Хуулиараа сонгуулийн жил гарсан энэ үед нэгдэж болохгүй заалттай учраас дараагийн эвсэх эсэх хувилбарт шилжсэн. Одоогийн эрх баригч хүчин АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд “Манай нам бусадтай эвсэхгүй, харин нэгдэнэ” хэмээн байр сууриа тодорхойлсон. Гэвч нэгдэх нь хуулиар хориотой энэ үед ИЗНН, МҮАН-д нэгдэх санал хүргүүлсэн түүнд бусадтай эвсэхгүй гэсэн байр суурин дээрээ хатуу зогсохоор шийдсэн бол намаа сонгуульд дангаар авч орох боломж үлдээд байна.

 

Сонгуульд эвсэж ороод задрах байтугай олон суудал авсан нам хуулийн дагуу парламентад суудалтай улс төрийн хүчнүүдтэй Засгийг хамтарч барихад популизмд хэр нэрвэгддэгийн зовлонг эрх баригч хүчний дарга биеэрээ амсч байгаа. Засгийн газар үйл ажиллагаагаа явуулахад тал талын эрх ашгаа хамгаална, үе үе Засгийг огцруулах асуудлыг хөндөнө, наанадаж л Засагт хамтарсан улс төрийн хүчний зүгээс эрх ашгаа хамгаалсан популизм ирж, сайдаа ч томилж чадахгүй бүтэн улирал болж байна. Тиймээс л ирэх сонгуульд дангаараа цул болон орж, олон бус олонхийн суудал авсан нам дангаар засгийн танхимаа бүрдүүлээд, бодлогоо хэрэгжүүлээд явна. Чуулганы хуралдаанаар ч бусдыг хүлээлгүй эрх баригч хүчин ирцээ бүрдүүлнэ. Ээлжит чуулганыг нээх гэж бусад хүчнийг хүлээгээд хугацаа алдаж, гаргасан захирамж хүчингүй болоод байхгүй. Эдгээр асуудлаас үүдэн УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “АН-ыг олонх болгоод өгөөч” гэж байхав. Нөгөө талаас ирэх сонгуулиар аль нэг улс төрийн хүчинд олонхийн суудал оноохгүй бол төр, засгийн ажил гацаж, салбарын сайдын томилгоо сунжирч, улс төрийн хямрал нүүрлэдгийг сонгогч бидэнд мэдрүүлсэн дохио.

 

Ирэх сонгуулиар МАН, МАХН эвсэж оролцоно, оролцохгүй гэсэн улс төрийн тоглолт үргэлжилсээр байна. Улс төрийн хоёр хүчин нь энэ асуудалд нэг талд нь шийдвэр гаргах хүсэлгүй байгаа бололтой. Хэрвээ МАН, МАХН хоёр эвслээ гэхэд квот дээрээ тохирох эсэх нь эргэлзээтэй. Улс төрийн ууган хүчин МАН-ынхан МАХН-д цөөн тооны квот өгөхийг эрмэлзэх бол Н.Энхбаяр хувь тэнцүү биш юм гэхэд боломжийн квот авахаар тулгана. Эндээс л тэдний зөвшилцөл гацаж, цаашдаа ч МАН, МАХН нэгдэх байтугай эвсэх нь ч дашийн шог биз.  

 

МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд ганцаарчилсан тоглолттой, асуудлыг бусдадаа тулгах зарчимтай. Улс төрийн ууган хүчний даргаас нэг хүний нам болтол нь МАХН-ыг тэргүүлж байгаа түүний хувьд өнгөрсөн дөрвөн жил эрх баригч, сөрөг хүчний хооронд ганцаарчилсан тоглолтоо амжилттай хэрэгжүүлсэн. Салбарын сайдынх нь томилгоог өнөөг хүртэл гацааж, сөрөг хүчинтэй хамтран ээлжит бус чуулганыг нээх захирамжийг хүчингүй болгон эрх баригч хүчнийг буланд шахсан энэ бүх үйлдэл Н.Энхбаярын сценариар явагдсаныг улстөрчид доторлож, олон нийт гадарлаж байгаа.

 

Ер нь олон нийтийн өлсгөлөн зарлуулж, заргалдуулан, бүр цаашлаад эр хүний ховор нулимсыг ил гаргаж, цурхиртал уйлуулан бусдыг өөртөө ажиллуулж, зүтгүүлж чаддаг улстөрчийн гоц чанар МАХН-ын дарга Н.Энхбаярт бий.

 

Хэрвээ МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-тай хамтрах тохиролцоо бүрдэхгүй бол дараагийн нүүдлээ ХҮН руу ч шилжүүлж мэднэ. Ямартай ч ХҮН-тай ИЗНН эвсэх асуудал сөхөгдсөн. Хэдийгээр ХҮН-ын дарга С.Ганбаатар цахим сүлжээгээр балбуулж, баалуулж байгаа ч орон нутагт нэр нөлөөтэй хэвээр байгаа. Цахим сүлжээ гэдэг сонгогчдын олонхи биш.  Шинээр байгуулагдсэн энэ ХҮН-ынхан тамга, суудлаа булаацалдан шүүхийн хаалга хүртэл татаад байгаа. Энэ намд эрх ашиг, албан тушаалын төлөөх тэмцэл, хагарал ч хүчтэй явагдаж байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд орон нутгаар явж, үйл ажиллагаагаа танилцуулан, олны дунд эерэг имижд бүрдүүлж чадсан тус намынхан энэ удаагийн сонгуулиар парламентад нэгээр тогтохгүй суудал чангаана гэж ажиглагчид үзэж байна лээ.

 

Ер нь намуудад эвсэх хүсэл байгаа ч тохиролцоон дээрээ эрх ашгаа булаацалдан хясаад байгаа даг. Ийнхүү сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд улс төрийн хүчнүүд эвсэх эсэх тохироо толхилцол үргэлжилсээр байна.

 

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ard tumen:
Enkhbayr uhej Mongol tumniig maani bayrluulah heregtei shdee,ymar muu hun geheeree uls toroor shantaaj hiij jiriin ard bidnii amidrald gai bolj bga yum be!
2016-03-20
Зочин:
МАХН-ын гишууд яагаад ганцхан Энхбаярийг шутээд байгаа юм вэ.Оор чадалтай зохион байгуулагч байхгуй гэжуу.Гишуудээ улсаа бодож шийдвэртэй арга хэмжээ аваа ч .Бугд барцаалагсан юм шиг дагаж далбагнах нь зов уу.
2016-03-20
doogii:
Jkk
2016-03-19
irgen:
amerikuud har hairtsagtaa buh tohirgoogoo hiichihsen , hudlaa showdahi l uldej dee. hairan tsag zav
2016-03-18