Аваргын бөгжнөөс илүү зүйлс : Жермэйн Онил

Жермэйн Онил амьдарч буй гэртээ чимээ гаргалгүй дэлгэцээ ширтэн сууна. Түүний үзэж буй дэлгэцэн дээр Голден Стэйт Уарриорс баг 40 жилийн дараа лигийн аваргын цомыг комиссар Адам Силверээс авч буй дүр зураг гарна.
15 настай охин нь “зүгээр үү та?” гэж асуухад, хариу хэлээгүй гэдэг.
Онилд ингэж гуниглах шалтгаан бий. 1996 онд ахлах сургуулиасаа шууд NBA-д драфтлагдан орж байсан тэрбээр Портлэнд, Индиана, Торонто, Майами, Бостон, Финикс хотын багуудад хүчин зүтгэж байгаад хамгийн сүүлд Голден Стэйт Уарриорс багаас зодог тайлж байжээ.
Чөлөөт агент Жермэйн Онил 2013 оны намар Уарриорстой гэрээ байгуулж, 18 дахь улиралдаа тоглохоор шийдлээ. Энэ хүртэл тэрбээр 6 удаа бүх оддын тоглолтонд сонгогдож, 160 сая долларын цалингаар хэтэвчээ зузаалсан ч, гагцхүү аваргын бөгжтэй болж чадаагүй юм. Аваргын цомд хамгийн дөхөж байсан нь 2004 оны бүсийн аваргад Детройт Пистонс багтай өрсөлдсөн явдал байлаа.
2013 онд залуу Уарриорсынхны хувьд Жермэйн туршлагатай тоглогч нь болж очсон. Хувцас солих өрөөнд тэр ахмад тоглогчийн хувиар залуучуудад урам хайрлаж байсан бол талбай дахь үүргээ боломжийн гүйцэтгэж байжээ.
Онилийг Уарриорст очих үед 47 хожил авсан ч, өрнөд бүсийн хагас шигшээд ялалт байгуулахад дэндүү залуу, туршлагагүй бүрэлдэхүүн хүлээн авсан юм. Дрэймонд Грин сэлгээнээс цөөхөн минут гардаг, Көрригийн шагайны гэмтэл багийн амжилтыг хойш нь татаж, Харрисон Барнс 21 нас дөнгөж хүрээд байлаа. Гэвч Онил залуу багийн ирээдүйг гэрэлтэйгээр харж байжээ.
“Энэ багт аварга болоход маш жижиг зүйл дутуу байна” гэж Онил хэлж байсан тухай Барнс дурсаж, тийм учраас тэр биднийг сонгосон юм гэж хэлсэн байдаг. Харрисон Барнс, Дрэймонд Грин, Фестус Эзели зэрэг драфтлагдан орж ирээд удаагүй байгаа залуусын хувьд Онил ярих, хуучлах түүх арвинтай нэгэн байлаа. Сургамж болгох үүднээс тэрбээр өөрийн замналын амжилт ололт, алдаа дутагдлуудаас хуваалцаж, зааж зөвлөж явдаг байсан гэнэ.
Онил зарим үед тэднийг боулингруу дагуулан явж, амьдрал, бизнес, лигийн талаар ярилцдаг байсан аж. Тэр улирал нь Уарриорс 52 хожил авсан ч, эхний шатанд цуврал 7 тоглолтонд Лос Анжелес Клипперс багт хожигдон мултарчээ.
Гэвч энэ хожигдол туршлагатай Жермэйний хувьд урам хугарах биш, харин ч ирээдүйд итгэх итгэлийг нэмж өгчээ. “Багийн шилдэг хоёр тоглогч нь /Көрри, Томпсон/ хожигдлыг хүлээн авч буй байдлыг хараад, тэднийг ирэх жил илүү сайж байх болно гэдгийг мэдсэн” гэж Онил хэлсэн байна.
Тэр зунаа Онил багийн ерөнхий менежер Боб Майерст хандан “юу ч битгий хий, чамд одоо хэн ч хэрэггүй, тэд илүү сайжрах болно” гэж хэлж байж. Жирийн нэг тоглогч менежертээ ингэж хэлэх нь зохимжтой бус байж болох юм. Харин Майерс өмнө нь Онилийн төлөөлөгчөөр ажиллаж байсан, нэг нэгнээ удаан хугацаанд ойлголцдог хүмүүс.
Клей Томпсонг Кевин Лаваар солих яриа гарсны дараа Онил Майерслуу утасдаж “Чи үүнийг хийж болохгүй, Клей бол энэ лигийн хамгийн шилдэг хоёр талт тоглогчдын нэг. Түүний хамгаалалт дутуу үнэлэгддэг. Энэ хугацаанд түүн шиг хөлийн ажиллагаатай тоглогч би харж байгаагүй. Түүн шиг тоглолтой залуус ихэвчлэн зөвхөн довтолдог, эсвэл нэг талын л тоглолттой байдаг. Довтолгоо хамгаалалтанд адилхан сайн байж чаддаггүй, харин Клей тийм биш. Тэдэнд дахиад нэг жил өгөөд үз” гэж хэлж байсан тухайгаа Онил дурссан байна.
Ярианы эцэст Майерс хэлсэндээ хүрч солилцоог хийгээгүй бол, Онил сагсан бөмбөгтөө эргэн ирэх амлалтаа биелүүлж, 19 дэх улиралдаа тоглоогүй юм. Түүний замнал дууссан гэж тэрбээр хэлсэн билээ.
2015 оны хоёрдугаар сард Онил эргэн ирэх тухай яриа гарсан ч бодит байдал дээр биелсэнгүй. Учир нь Онил гэр бүлдээ анхаарах ёстой байсан гэнэ. Хэдийгээр түүнд сагсан бөмбөгийн талбайд гарах чадвар байсан ч гэр бүлээ илүүд үзжээ. Онил NBA-д орсон гуравдахь улирлаасаа хойш аавтайгаа уулзаагүй бөгөөд хүүдээ алдааг нь давтахыг зөвшөөрөөгүй ажээ.
“Бие мах бодийн хувьд би дахиад тоглож чадах байсан ч, сэтгэл зүйгээр тийм байгаагүй. Миний хүү болон гэр бүл маань надаас тоглохгүй байхыг хүссэн. Яг тэр үед хүү маань ‘Ааваа, та надад хэрэгтэй байна’ гэж хэлсэн Тэр яг л миний замаар явж байлаа. Миний хүү өөрчлөгдөж, их ууртай болж байгааг харж байсан. Миний хувьд аавтайгаа долоо нас хүртлээ уулзаж байгаагүй учраас, энэ юу гэсэн үг болохыг хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгож байсан юм”
Улмаар Онил гэр бүлтэйгээ үлдэж, сагсан бөмбөгийн хажуунаас нь үзэхээр шийдсэн билээ….
Асжия охин өнгөрсөн оны зургаан сард ааваасаа “”зүгээр үү та?” гэж асуусан ч хариулт аваагүй шалтгааныг мэдэж байлаа. Онил Уарриорстой хамт зогсон, сагсан бөмбөгийн замнал дахь оргил нь болох NBA-н аваргын бөгжтэй болох боломжоосоо тэр татгалзан учраас харамсах сэтгэл төрж байсан биз.
Үүнийг мэдсэн Асжия удаан хүлээж зогссонгүй, шатаар дээш гарч өрөөрүүгээ орж. Удалгүй Онилийн утас дугарч охиноос нь түүнийг гэртээ байгаад нь ямар их аз жаргалтай байгаа, хүүхдүүдийнх нь хувьд аварга авснаас илүү зүйл гэдгийг нь ухааруулсан мессеж ирсэн гэнэ.
Хэдийгээр Жермэйн Онилд аваргын бөгжтэйгөөр замналаа дуусгах сүүлийн боломж нь энэ байсан ч, Онил харамсах зүйлгүй сэтгэл хангалуун үлджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ