Усанд автсан газрын усыг соруулжээ

img

Цаг агаар дулаарч, цас хайлсны улмаас Сонгинохайрхан дүүргийн VII хорооны нутаг дэвсгэр, “Хилчин” хотхоны ард байрлах 300 орчим айл усанд автсан билээ. Дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар шуурхай хуралдаж усанд автсан хэсгийн усыг соруулж, үерийн даланг иргэдийн оролцоотойгоор засварлан шинэчлэх, ихээхэн хэмжээний ус тогтсон талбайд хайрга, дайрга асгах зэрэг ажлыг 3 хоногийн дотор авч хэрэгжүүлэх шийдвэр гаргаж, усанд автсан хэсгийн усыг нь соруулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

 

Уг ажлыг УСУГ-ын Төв цэвэрлэх байгууламжийн 2 автомашинаар хийж гүйцэтгэсэн бөгөөд 10 тн ус соруулжээ. Ус соруулж дуусмагц хонхор, хотгор газруудад хайрга дайрга асган дахин ус тогтохооргүйгээр тэгшлэх юм. Энэхүү ажилд "Ялгуусан" ХХК санаачлагатай оролцож 200 тн хайрга дайрга үнэгүйгээр олгох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ