М.Батмөнх шилдэг мөрдөн байцаагчаар шалгарчээ

Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсны 95 жилийн ой, Мөрдөн байцаах газрын түүхт 70 жилийн ойн ажлын хүрээнд Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Гэмт хэрэгтэй тэмцэх албанаас “Хэргийн газрын үзлэг явуулах арга тактик” цогцолбор тэмцээнийг зохион байгуулав.
Тэмцээнд төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 78 мөрдөн байцаагч ур чадвараа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байранд Дорнод аймаг дахь цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч М.Батмөнх, хоёрдугаар байранд Төв аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Авир, гуравдугаар байранд Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Мөнхбат, тусгай байранд Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямсүрэн нар шалгарч, өргөмжлөл, үнэ бүхий зүйл, цалингийн хувиар шагнагдав.
Гэмт хэргийн илрүүлэлт хэргийн газрын үзлэгийн чанараас шууд шалтгаалдаг. Цагдаагийн байгууллагын албаны шуурхай байдлыг хангах, гэмт хэргийн газрын үзлэгийг чанаржуулах, мөрдөн байцаагч нарын үзлэг явуулах, тактик арга зүй, дадал чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварын түвшинг үнэлж дүгнэх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулжээ.
Хэргийн газрын үзлэгийн чанар үр дүнг дээшлүүлж, ул мөр баримт сэлт илрүүлэх, цуглуулах, бэхжүүлэх үйл ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн гүйцэд хийснээс мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны үндэслэлтэй , хангалттай нотлох баримтанд тулгуурлах нөхцлийг бүрдүүлдэг юм.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ