Обамагийн айлчлалтай зэрэгцэн жагсаал боллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гэр бүлийнхээ хамтаар Куба улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Уг айлчлал өнөөдөр өндөрлөх юм. Обама, тус улсын удирдагч Раул Кастротай уулзах үеэрээ 20 гаруй хамтран ажиллах гэрээнд гарын үсгээ зурна. Ерөнхийлөгч “Түүхэн айлчлал, түүхэн уулзалт” гэж мэдэгджээ.
Обамагийн айчлалын үеэр нийслэл Гавана хотын хамгаалалтыг нэмэгдүүлсэн билээ. Энэхүү хамгаалалтыг үл тоон “Цагаан хувцас бүсгүйчүүд” хөдөлгөөний гишүүд улс төрийн хоригдлуудыг суллахыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Жагсаалд 2500 орчим иргэн нэгдсэн бөгөөд эмх замбараагүй байдал үүсгэхээс сэргийлэн цагдаагийнхан тус хөдөлгөөний удирдлагуудыг хүлээн авч уулзсан байна.
Эх сурвалжууд “Обама улс төрийн хэргээр ял эдэлж буй хүмүүсийн гэр бүлтэй уулзаж магадгүй” гэж мэдэгджээ.
АНУ-ын 30 дахь Ерөнхийлөгч Калвин Күүлиж 1928 онд Куба улсад анх удаагаа айлчилж байсан юм. Гурван өдөр үргэлжилсэн уг айлчлалын үеэр хоёр улс харилцан Элчин сайдын яамаа нээсэн түүхтэй. 1959 онд АНУ, Кубын эсрэг эдийн засгийн хориг тавьснаас болж хоёр улсын харилцаа муудаж, дипломат харилцаагаа цуцалсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ