Төрийн түрээсийн орон сууцны бүртгэл эхэллээ

Барилга хот байгуулалтын яамнаас баталсан журмын дагуу Улаанбаатар болон хөдөө орон нутагт төрийн өмчийн орон сууцыг иргэдэд түрээслэхээр болсон. ТОСК-иас түрээсийн орон сууцны нарийвчилсан журмыг батлаад байгаа бөгөөд Улаанбаатар хотод “Буянт-Ухаа 2" хороололд байр түрээслэх хүсэлтэй иргэдийн материалыг өнөөдрөөс хүлээн авч эхэллээ.
Бүртгэл 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ТОСК дээр явагдана.
Түрээсийн орон сууцад орох иргэдийг зорилтот бүлгээр нь зургаан хэсэгт хуваажээ. Ингээд тус бүрд нь 5-30 хувийн квот олгосон байна. Тодруулбал:
- Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настанд 15 хувь
- Залуу гэр бүл буюу 2016 нэгдүгээр сарын 1-ээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөрт 20 хувь
- Хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 30 хувь
- Төрийн албан хаагчид 15 хувь
- Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрхөд таван хувь
- 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд 10 хувь
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг халамжилдаг гэр бүлд таван хувийн квот олгож байгаа аж.
“Буянт-Ухаа 2" хороололд нийт 350 байрыг түрээсэлнэ. Харин байр түрээслэх иргэдийн тоо үүнээс хэд дахин илүү байгаа учраас сугалаа явуулж, түрээслэгчдийг тодруулах юм.
Түрээсийн орон сууцны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ