УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг өнөөдөр 19.00 цагт телевизийн халз мэтгэлцээнд оролцохыг урьсан. Гэвч Ерөнхий сайд хөдөө орон нутагт томилолттой явж байгаа тул оролцож амжихааргүй болжээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хийх телевизийн халз мэтгэлцээнээ нэг сараар сунган, ирэх дөрөвдүгээр сарын 23-нд товлосон байна. Халз мэтгэлцээнээр Хуримтлалын сан бүрдүүлэх бодлого, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай зэрэг хуулийн төсөл, иргэдээс ирсэн асуултаар мэтгэлцэх аж. Мэдээлэл хийсний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Л.Цог, Г.Уянга нарын гишүүн бүлгээсээ гарсан. Та “Шударга ёс” эвслийн бүлгээс гарах уу?
-Энэ асуудлыг Л.Цог, Г.Уянга бид гурав хамтдаа ярьж байсан. Гэхдээ бид 3 хамтдаа бүлгээс гарвал эвсэл задарна, Засгийн газар ч задарна. Манай бүлэг даргаа одоог хүртэл томилоогүй байгаа. Миний зүгээс Ч.Улаан гишүүнийг бүлгийн даргаар томилох саналыг гаргасан боловч хэрэгжээгүй. Энэ бүхнээс үндэслэн Л.Цог, Г.Уянга нарын гишүүн бүлгээс гарах болсноо мэдэгдсэн. Хэрвээ би бүлгээс гарвал “Шударга ёс” эвслийн бүлэг задарна. Миний хувьд одоогоор тодорхой шийдгүй харж байна.
-Таныг УИХ-ын дэд даргаар томилох яриа гарч байна. Үнэн үү?
-УИХ дахь бүлэг УИХ-ын дэд даргатай байх заалттай. Тиймээс ч Л.Цог гишүүнийг манай бүлэг УИХ-ын дэд даргаар томилох санал гаргасан. Одоо Л.Цог гишүүн бүлгээс гарсан болохоор ёсзүйтэйгээр УИХ-ын дэд даргын ажлаа хүлээлгэн өгөх байх. Миний хувьд УИХ-ын дэд дарга болохгүй. Тийм санал ч надад ирээгүй. Ирсэн ч би УИХ-ын дэд дарга болж албан тушаал хөөцөлдөхгүй.
-Хэрвээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг халз мэтгэлцээнд оролцохгүй бол та эвслийн бүлгээс гарах уу?
-Ерөнхий сайд мэтгэлцээнд ирнэ.