АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос хэвлэлийн хурал хийлээ. Хурлаар АН-ын дарга З.Энхболдыг ирэх дөрөвдүгээр сарын 5-ны дотор огцрохыг шаардаж буйгаа дуулгав.
АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар "АН-ын дарга З.Энхболд УИХ-ын даргын албыг давхар хашдаг. УИХ дарга бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн. Тэр Өвөрхангай, Баянхонгорт ажиллаж байхдаа нийгмийг хагалган бутаргах ноцтой үр дагавартай мэдэгдлийг хийсэн. Монгол Улсын хуулийг хэрэгжүүлдэг, хуулийн даган мөрдөх ёстой цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын удирдлага, тэдний албан хаагчдыг үл бүтэх этгээдүүд хэмээн цоллож байгаа нь хууль тогтоох дээд байгууллагын даргын хувьд маш зохисгүй үйлдэл. Үндсэн хуулийн зарчмыг зөрчиж, ийм мэдэгдэл хийсэн нь тун хариуцлагагүй үйлдэл болсон. Соёлт нийгэмд бол энэ үгнийхээ төлөө улс төрийн өндөр албан тушаалтан огцордог" гэв.
Тиймээс хариуцлагагүй үг, үйлдийнхээ төлөө АН-ын даргыг огцрох ёстой хэмээн тус холбооноос шаардлага хүргүүлж буй аж.
В.Бат