С.Бямбацогт “21:100” үйлдвэржилтийн бодлого дэвшүүллээ

img

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт гишүүнийхээ хувиар “21:100” үйлдвэржилтийн бодлого дэвшүүлж байгаагаа өнөөдөр зарлаж, хэвлэлийн бага хурал хийлээ.  Тэрбээр хүнд болон уул уурхайн үйлдвэрлэл зогсонги байдалд орсон энэ үед хамгийн хурдан хугацаанд бүтээн босгож болох хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх бодлогоо танилцуулав. Өмнө цаасан дээр салангид байсан аж үйлдвэрийг хөгжүүлэх төрийн бодлогын баримт бичгүүдийг Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлого,Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, Үйлдвэржилтийн тухай хууль зэрэгт зангидаж, тодорхой бодлоготой болсон. Тиймээс эдгээр баримт бичгүүдэд үндэслэж, "21:100" хөнгөн үйлдвэржилтийн бодлогыг гаргасан байна.

 

Хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх уг бодлогыг 21:100 гэж нэрлэсэн нь учиртай аж. 21 гэдэг нь 2021 оноос өмнө 21 аймагтаа хөнгөн үйлдвэрүүдийн паркуудтай болох зорилт юм. Харин 100 гэдэг нь 2021 оноос өмнө 21 аймагтаа 100 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөнгөн үйлдвэрүүдтэй болсон байх зорилтыг нэрлэжээ. 2021 онд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ой болох бөгөөд хөнгөн үйлдвэрийг аймаг бүрт хөгжүүлснээр эдийн засгийн тусгаар тогтнолоо олж чадна гэж үзжээ. Манай улс нийт хэрэглээнийхээ 88 орчим хувийг импортоор авч, мах, гурил, ногоо гэх мэт дөнгөж 12 орчим хувийг өөрсдөө үйлдвэрлэж байна. Ургамлын тос, хүнсний бэлэн бүтээгдэхүүн, мод, модон эдлэл, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн, гутал хувцас гэсэн таван нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортоор авахад жилд 468 сая ам. доллар зардаг. Энэ нь "Чингис" бондын гуравны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгийг Монголчууд гадагш нь өгч байна гэсэн үг ажээ. 56 сая малтай Монгол малын тоогоороо дэлхийд тэргүүлдэг гэх атлаа гаднаас сүү авч ууна гэдэг эмгэнэл гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэвлэлийн хурлын үеэр хэлсэн. Тэрбээр сүүлийн жилүүдэд Оюутолгой, Тавантолгой л гэж шуурснаас хөнгөн үйлдвэрийн салбарыг мал аж ахуй, газар тариалангийн бэлэн түүхий эдэд тулгуурлан хөгжүүлэх асуудал орхигдсон. Тийм учраас өр тавьдаг биш, өөрсдөө хийдэг, хот хөдөөгөөрөө ялгардаг биш хотол олноороо хөгждөг Монгол болохын төлөө энэ бодлогыг дэвшүүлж буйгаа хэлсэн юм.

 

Ардчилал, зах зээлд шилжин орохоос өмнөх жилүүдэд Монголд олон хөнгөн үйлдвэр ажиллаж, хүн бүр ажилтай, орлоготой байсан ч 1990-ээд онд тэр бүхнээ нураасан. Гэхдээ буцаан сэргээх боломжтой гэсэн том хүсэл тээж яваагаа ч С.Бямбацогт хэллээ. Түүний санаачилсан бодлогоор бол, 2021 он хүртэл хөдөө аж ахуйн, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, барилгын материал зэрэг паркуудыг бодлогоор байгуулснаар шинэ технологи нэвтрэх, ажлын байр бий болох, бүтээгдэхүүний өртөг буурч, стандарт чанар сайжрах олон давуу талтай аж. Мөн бүс нутгуудад ложистик, үйлчилгээний бизнес хөгжих, хот хөдөөгийн хөгжлийн түвшний ялгаа багасах, сум бүрийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, нөхөрлөл хоршоод нь хөнгөн үйлдвэрлэлийн паркуудын бэлтгэн нийлүүлэгч болох зэрэг олон боломжууд нээгдэх гэнэ.

 

Парк байгуулах хөрөнгө оруулалтын тооцоог ч гаргажээ. Нийт 21 парк байгуулахад 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй аж. Тэгвэл Оюутолгойн ордоо ашиглахад 21 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 5000 ажлын байр бий болох юм байна. Өөрөөр хэлбэл, 21 аймагт үйлдвэртэй болоход Оюутолгойд хийсэн хөрөнгө оруулалтаас 42 дахин бага хөрөнгө оруулалтаар 8 дахин их буюу 42.000 ажлын байр бий болно гэж тооцжээ. 500 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулж байгаа хөнгөн үйлдвэрийн салбар жилдээ 5 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болтлоо хүрээгээ тэлэх өөдрөг ирээдүй харагдаж байгаа аж. С.Бямбацогт гишүүний хувьд энэ санаачлагаа төрийн бодлого болгож, "21:100" гэсэн нэртэй хууль болгон хэрэгжүүлэхээ мэдээлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
noat
2016-03-23