АТГ Н.Энхбаярт хүндэтгэлтэй хандаж байгаа

Авлигатай тэмцэх газрын байцаагчид Н.Энхбаярт албан бичиг хүргэхийн тулд төрийн ордонд дайран орж эмх замбараагүй байдал үүсгэсэн гэх мэдээлэл цацагдаж байна. Тэгвэл АТГ-аас “Хуулийн байгууллагын үйл ажиллагааны талаар буруу ташаа мэдээллийг зориудаар тарааж олон нийтийг өдөөн хатгах оролдлого хийж байна” гээд албан ёсны мэдээлэл өгөв. Тус газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Т.Мөнхтунгалаг дараах мэдээллийг хийлээ.
Авлигатай тэмцэх газрын төрийн ордонд нэвтрэх эрхийн зөвшөөрөлтэй мөрдөн байцаагчид энэ сарын 22-ны өдөр иргэн Н.Энхбаярт “Байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах тухай” албан бичгийг хүргэж өгсөн. Энэ албан бичгийн гол агуулга нь “Таны байгаа газарт очиж мэдүүлэг авъя” гэсэн утгатай.
Н.Энхбаярыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж байгаа. Тиймээс хуулийн байгууллагын дуудсан цагт ирэх үүрэгтэй. Авлигтай тэмцэх газраас түүнд өнөөдрийг хүртэл таван удаа зарлан дуудах хуудас аваачиж өгсөн.
133 дугаар зүйл. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих
148 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах
Тухайлбал, 2015 оны хоёрдугаар сарын 26, 2016 оны нэгдүгээр сарын 18, хоёрдугаар сарын 17, мөн сарын 22, гуравдугаар сарын 22-нд тус тус зарлан дуудах хуудас өгч байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах хэрэгтэй. Иймээс АТГ хуулиа биелүүлэхийн тулд бололцоотой арга хэмжээг авч, өчигдөр иргэн Н.Энхбаярыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулахыг хүссэн албан бичиг гардуулж өгсөн.
Ц.Цолмон, З.Баянсэлэнгэ нар Н.Энхбаярыг батлан даалтад авчээ
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ рүү утсаар мэдэгдсэн гэж МАХН-ын зүгээс мэдээлсэн.
-Иргэн Н.Энхбаярт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нар иргэн Н.Энхбаярыг мөрдөн байцаагчийн дуудсан цагт ирүүлж байхыг хариуцаж бичгээр үүрэг авсан.
-Н.Энхбаяр АТГ миний эсрэг мэдүүлэг авах гээд байгаа учир тийшээ очихгүй гэж мэдэгдсэн. Хэрэв энэ чигээр ирэхгүй бол ямар арга хэмжээ авах вэ?
-АТГ өчигдөр түүнд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах тухай албан бичгээ гардуулан өгсөн. Иргэн Н.Энхбаярыг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг биелүүлж, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, байцаан шийтгэх ажиллагаанд оролцоно гэж найдаж байна.
-АТГ-ын мөрдөн байцаагчид төрийн ордонд нэвтрэх эрхийн зөвшөөрөлтэй хүмүүс байсан гэлээ. Мөрдөн байцаагчдыг төрийн ордонд дайрч орсон гэсэн мэдээлэл бас гарч буй.
-Тиймээ. Нэвтрэх зөвшөөрөлтэй мөрдөн байцаагчид очиж албан бичгийг өгсөн. Дайрч орсон асуудал байхгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомжид заасан эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хэн ч хуулийн бйагууллагын дуудсан цагт ирэх үүрэгтэй.
-Н.Энхбаярт хилийн хориг тавьсан уу. Энэ байдал цааш үргэлжилвэл яах вэ?
-Хилийн хориг тавигдаагүй. Н.Энхбаярт батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан. АТГ албадлагын арга хэмжээ авахыг урьтал болгоогүй. Иргэн Н.Энхбаярт хүндэтгэлтэй хандаж байгаа. Түүнийг хуулиа биелүүлэхийг хүлээж найдаж байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ