Пальмира хотыг чөлөөлжээ

Сирийн армийнхан өнгөрсөн оны тавдугаар сард Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд алдаад байсан Пальмира хотыг чөлөөлсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Армийнхан тус хотноо байрлах түүхэн дурсгалт байгууламжуудыг чөлөөлж хяналтаа тогтоосон байна. Мөн хэт даврагчдын Пальмира хотноо байрлах цэргийн баазыг эзлэн авчээ.
Засгийн газрын хэвлэлийн алба “Армийнхан 48 цагийн дотор Пальмира хотын ихэнх хэсгийг эзлэн авсан” гэж мэдэгджээ. Тагнуулын мэдээллээр “Пальмира хотноо 900-1200 орчим хэт даврагч байгаа” гэв.
“Армийнхан анх удаагаа барууны орнуудын дэмжлэггүйгээр хэт даврагчдад алдсан газар нутгаа чөлөөллөө” хэмээн Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын бие төлөөлөгч мэдэгджээ. Пальмира хот руу армийнхан дайрахаас өмнө Оросын сөнөөгчид 49 удаа хэт даврагчдад агаараас цохилт өгчээ.
Өнгөрөгч онд армийнхан британичуудын дэмжлэгтэйгээр Мосул хотын ихэнх хэсгийг чөлөөлсөн билээ. Хэт даврагчид Сирийн газар нутгийн 45 хувьд нь хяналтаа тогтоогоод байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ