Дорноговийн 1.5 тэрбумын үнэтэй зам хагарч эхэлжээ

"Ди Вай Кей Би" ХХК Сайншанд сумын “Шинэ Сайншанд” суурьшлын бүсэд Азийн хөгжлийн банкны 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2 км хатуу хучилттай автозам тавив. Туслан гүйцэтгэгч “АЗТТТ” ажиллаж, тавьсан замаа хүлээлгэн өгч байсан цаг саяхан. Тодруулбал 2015 оны 11 дүгээр сарын 10-нд тууз хайчлан хүлээж авчээ. Одоо үед чанар стандартын шаардлага хангасан нэг км замыг 300 сая төгрөгөөр барина гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр “Шинэ Сайншанд” суурьшлын бүсэд 1.2 тэрбум төгрөгөөр чанартай зам барих боломжтой. Гэвч шинэ суурьшлын бүс гэх чамин нэртэй энэ газарт баригдсан зам нь 1.5 тэрбум төгрөгөөр боссон ч чанаргүй зам болсон гэдгийг нутгийнхан хэлж байна. Тэгвэл Азийн хөгжлийн банкныхан чанаргүй зам тавиад байна уу, эсвэл Дорноговийн удирдлагууд замын мөнгийг идээд байна уу.
Дорноговь аймгийн төвийн зам ч сайрхах зүйл байхгүй. Жинхэнэ там гэж нэрлэж болно. Харин Засаг ноён П.Ганхуяг төсвийн мөнгийг үр ашиггүй урсгаж байна.
Япон улс тэр дундаа өндөр хөгжилтэй энэ оронд боловсрол эзэмшсэн гэж сайрхах дуртай эрхэм П.Ганхуяг дарга ядаж ЯПОН СТАНДАРТ гэхийг мэддэг л баймаар. Гэтэл Монгол стандартдаа ч нийцүүлж ажлыг гүйцэтгүүлж чадахгүй байсаар өдийг хүрчээ.
Нэгэнтээ дорноговьчуудыг унаган боловсон хүчингүй мэт харагдуулдаг түүний үйлдлүүдийг нам нэгт нөхөд нь нэг хэсэгтээ л эсэргүүцэж засаг даргын суудлаас нь огцруулахыг хэдэнтээ оролдоод ч чадаагүй. Бүхнийг удирдлагандаа байлгахыг хүсэгч тэрбээр Дорнодын гэх тодотголтой Ж. Галбадрахыгаа орлогчоороо дахин томилсноор санаа нь амарч, нам нэгт нөхдийгөө дуугүй болгосон нэгэн.
Төрийн өндөр дээд албан тушаалд очихыг хэзээнээсээ өдрийн бодол, шөнийн зүүдээ болгосон Засаг ноён дорноговьчуудыг хөгжинө, бүтнэ, сайхан амьдарна гэсэн яриагаар хуурсаар 8 жилийг нэгэнтээ үджээ. Цагтаа дэд бүтэц сайтайгаараа бусад аймгуудаасаа илүүрхдэг байсан Дорноговь аймаг өнөөдөр хөгжлөөрөө зэргэлдээх аймгуудаасаа хол гэгч нь хоцорсон. Говьчууд хэзээнээсээ уужуу сэтгэлтэй ард түмэн болохоор түүний ярьсан үлгэрүүдэд итгэсээр өдийг хүрчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ